"Яндекс" хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын дунд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-02-25 14:21:12

МОСКВА. /TASS/. “Forbes" сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын жагсаалтыг “Яндекс" компани дахин тэргүүлжээ.


“Forbes" сэтгүүлээс мэдээлж буйгаар, тус компанийн зах зээлийн үнэлгээ 22 тэрбум 98 сая ам.доллар болсон байна.


"Яндекс" гурав дахь жилдээ Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компани болж байгаа юм. 2020 онд тус компанийн үнэлгээ 14 тэрбум 6 сая ам.доллар байсан бол 2021 онд 1.5 дахин өссөн байна. Жилийн өмнөх өсөлт 36 орчим хувьтай байжээ.


Жагсаалтын хоёрдугаарт, 14 тэрбум 52 сая ам.доллароор үнэлэгдэж буй “Wildberries” компани орсон бол гуравдугаарт, “Ozon” компани бичигджээ. Хувьцаа нь Москвагийн бирж болон Нью-Йоркийн "Nasdaq" цахим бирж дээр 2020 оны сүүлчээс эхлэн арилжаалагдаж байгаа тус компанийн үнэлгээ 10 тэрбум 58 сая ам.доллорт хүрсэн байна.


Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын жагсаалтад мөн “Mail.ru Group” (6.084 тэрбум ам.доллар), “Avito” (4.907 тэрбум ам.доллар), “Lamoda” (2.276 тэрбум ам.доллар), “HeadHunter” (1.6 тэрбум ам.доллар), “Delivery Club” ( 1.521 тэрбум ам.доллар), “AliExpress Russia” (1.1 тэрбум ам.доллар) багтжээ.


Холбоотой мэдээ