Шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлийн үүрэг даалгавар өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-26 10:16:00

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2 дугаар сарын 25-ны өдөр болж, аймгийн Засаг даргын хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нар үүрэг даалгаврын биелэлтээ танилцууллаа. Мөн хурлаар дээрх хэлтэс, агентлагуудад ирэх сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөж ажиллах дараах үүрэг даалгаврыг хүргүүлэв. Үүнд:

1. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендерийг хуулийн хугацаанд багтаан зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай, цахим хэлбэрээр зохион байгуулах, хяналт тавьж ажиллах,

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2021.03.01-нээс ЕБС, цэцэрлэгийн хичээл сургалт танхимаар хийж эхлэхтэй холбогдуулан УОК-ын даргын 2021 оны 18-р тушаал болон БШУ-ны сайдын баталсан журмын дагуу сургууль, цэцэрлэгийн хичээлийн танхим, дотуур байрны бэлтгэлийг хангах, ариутгал, цэвэрлэгээг хийх,

3. Цэцэрлэг, бага анги, тусгай сургуулийн суралцагч, дотуур байрны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, амин дэмээр баялаг, бүтээгдэхүүн, халуун ундаа хэрэглэх,

4. Мал аж ахуйн хаваржилт, мал төллөлтийн явц байдлын талаар судалгаа дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах

5. Газар тариалангийн уринш, төмс, хүнсний ногооны тариалалтын бэлтгэл хангах, үр, үрсэлгээг захиалах,техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь бүрэн хийж бэлэн байдлыг хангах

6. Шар усны үер, хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

7. Хаврын улиралд ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар тодорхой удирдамж чиглэл гаргаж гүйцэтгэлийг хангаж ажиллах

8. Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах

9. Аймгийн төв Эрдэнэбулган суманд 2012 оноос хойш газар эзэмших эрх аваад хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд шалгалт хийж,иргэн хуулийн этгээдийн ашиглаагүй байгаа газруудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой санал боловсруулж танилцуулах

10. Аймгийн төвд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан өвөл, зуны хүлэмжийн ашиглалтад шалгалт хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж танилцуулах

11. Коронавирусний эсрэг вакциныг хүлээн авах бэлтгэл хангаж, нэн тэргүүнд хийлгэх шаардлагатай иргэдийн судалгааг гаргаж бэлэн болгох

12. Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP системд байгууллагын албан хаагчдыг бүрэн нэвтрүүлэх, аймгийн ЗДТГ-ын даргын 2021.02.19-ний өдрийн 03/227 тоот албан бичгийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.

Холбоотой мэдээ