Ж.Байден: Вакцинжуулалт хугацаанаасаа түрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-26 09:51:45

ВАШИНГТОН. /CNN/. Иргэдийг вакцинжуулах хөтөлбөр төлөвлөсөн хугацаанаасаа хэдэн долоо хоногоор түрүүлж хэрэгжиж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.


“Ерөнхийлөгчийг албыг хашиж эхэлсэн өдрөөс хойших 100 өдөрт 100 сая тун вакцин хийх нь миний зорилго байсан. Өнөөдөр бид замынхаа талд ирээд байна. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч болсноос хойших 37 өдөрт 50 сая тун вакцин хийгджээ. Цасан шуурга болж хотын олон сая хүнд ноцтой хохирол учирсны улмаас вакцинжуулалтын хөтөлбөр саатсан хэдий ч товлосон хугацаанаасаа хэдэн долоо хоногоор түрүүлж байна” хэмээн Ж.Байден цохон тэмдэглэжээ.


“Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд АНУ-д коронавирусний вакцинжуулалт бусад улс орноос илүү их явагджээ. Хэдий чинээ олон хүнийг вакцинжуулна цар тахлыг бид төдий чинээ хурдан ялна. Өмнөх засаг захиргаатай холбоотойгоор эмх замбараагүй байдал дэгдэж байсан хэдий ч бид хэвийн гольдрилдоо орж байна. Эрх баригчид вакцин түгээлтийн хурдыг 70 хувиар нэмэгдүүлсэн” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.


Халдварт өвчинтэй тэмцэх нь

Гэсэн ч халдварт өвчинтэй хийх тэмцэл дуусах болоогүй байгааг Ж.Байден онцолжээ.

“Бид сонор сэрэмжээ одоо сулруулж болохгүй. Одоо тайвшрах цаг биш. Бүх зүйл хэзээ хэвэндээ орох вэ гэж надаас асуувал би нэг л шударга хариултыг өгнө. “Би та бүхэнд хугацааг нь оноож хэлж чадахгүй. Ийм өдрийг аль болох хурдан ирүүлэхийн тулд гагцхүү бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ л амлаж чадах байна” хэмээн Ж.Байден цохон тэмдэглэв.

“Хэдий чинээ олон хүн вакцин хийлгэнэ төдий чинээ олон хүнд вакцин хийлгэх итгэл төрнө. Коронавирусний вакцины талаар америкчуудад мэдээлэл олгох томоохон кампанит ажлыг явуулна” хэмээн Цагаан ордны тэргүүн онцолсон байна. 

Холбоотой мэдээ