Германы АRD телевизээр гарсан Оросын тамирчдын допингийн тухай кино олныг цочирдуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТГерманы сэтгүүлч Хайо Зеппельтийн бүтээсэн Оросын тамирчдын допингийн тухай цувралын ээлжит дугаар 6 дугаар сарын 8-ны шөнө Германы ARD телевизийн сувгаар гарчээ.
Энэ удаа нэвтрүүлгийн гол баатар Оросын Спортын сайд Виталий Мутко байв. Кино зохиогчид түүнийг Оросын хөнгөн атлетикчдын допингийн нэмэх сорьцуудыг нуун дарагдуулж байсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Нэвтрүүлэгт Москвагийн Допингтэй тэмцэх лабораторийн тэргүүн асан Григорий Родченков Оросын спортын сайд Виталий Мутког “Краснодар” хөл бөмбөгийн багийн тамирчны допингийн сорьцыг нуун дарагдуулахад өөрийн биеэр оролцсон хэмээн ярьжээ. Түүнээс гадна тэр Лондонгийн Олимпийн наадамд допинг илэрсэн оросын аливаа хөнгөний тамирчин өөрийн дасгалжуулагчаар дамжуулж 500 мянган ам.долларыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд өгч асуудлыг хөнгөхөн шийдэж байжээ.
Түүнчлэн Родченковын ярьж буйгаар Спортын сайдын зөвлөх Наталья Желанова, дэд сайд Юрий Нагорный нар нь допингид тавих хяналтыг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй, авлигын хэрэгт орооцолджээ. Мөн кинонд допингийн цуврал дуулианы эзэн Оросын хөнгөний тамирчдын дасгалжуулагч асан Виктор Чегиныг нууцаар ажлаа хийж байгаа тухай баримтаар харуулахыг оролдсон байна. Эдгээр мэдээллүүд нь гэнэтийн байсангүй ээ, учир нь ARD телевизийн суваг уг киноны агуулгыг сурталчлахын хамт Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ишлэлүүдийг гаргаж байжээ. Энэ киноны анонс гарахаас нэг хоногийн өмнө Орос Улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, "Аливаа ийм гүтгэлэг баталгаа нотлогоотой байх ёстой, эс тэгвээс ор үндэсгүй гүжирдлэг хэмээн үзэх болно" гэсэн.
Тэгвэл Оросын Спортын сайд Виталий Муткогийн үзэж буйгаар, Германы телевизийн энэхүү дуулиант киноны зорилго Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF ) Бүх Оросын хөнгөн атлетикийн эрхийг сэргээх тухай болон ОХУ-ын тамирчдыг Олимпийн наадамд оролцох эрх авахад сөргөөр нөлөөлөхөд оршиж байна гэжээ. Тэрээр уг киног эфирээр гарахаас нэлээд хоногийн өмнө Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) тэргүүн Крейг Риди Москвагийн допингийн эсрэг лабораторийн тэргүүнээс халагдсан Григорий Родченковын тухай АНУ Оросыг “илчлэх болно ” гэж байсныг сануулжээ.
Германы ARD телевизийн сувгаар оросын хөнгөн атлетикийн тамирчид олноор допинг хэрэглэдэгийг баримтаар харуулах гэсэн хэд хэдэн киноны дараа WADA мөрдөх ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй юм.
Өчигдөр орой Оросын Россия -1 телевизийн сувгийн “Вести” хөтөлбрөөр сурвалжлагч Ольга Скобеева дээрх киног бүтээсэн германы сэтгүүлч Зеппельттэй Германы нэгэн томоохон зочид буудалд ирж 5 минут ярилцлага авч байгаа тухай гарсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Зеппель оросын сурвалжлагчийг операторын хамт буудлаас хөөн гаргаж, микрофоныг булаан авч, буудлаас гарч явсны дараа хагас цаг араас нь мөрдөн мөшгиж хилэгнэж байгаа тухай гарсан.Энэ тухай тус улсын ХМХ-үүд өргөн мэдээлж байна.
Юутай ч гэсэн хэдхэн хоногийн дараа шийдэгдэх Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд оролцох Оросын баг тамирчдын жагсаалт гарахад нэлээд эгзэгтэй үе тулж ирээд байна.
Москва хот. А.Огторгуймаа