Б.Отгонбаяр: Маллагаа сайтай, тарга тэвээргийг нь сайн авахуулбал мал хорогдоно гэж байдаггүй

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-27 12:03:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Таван хошуу мал сүргийнхээ төрөл, тоогоор тэргүүлсэн таван малчныг “Аймгийн манлай малчин”-аар шалгаруулан шагналаа. Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Б.Отгонбаярынх өнгөрсөн жил “Аймгийн аварга малчин” болж байсан бол энэ жил аймагтаа хамгийн олон буюу 475 толгой адуу тоолуулж, эрхэм хүндтэй шагналын эзэн болсон юм. Түүнийг шагналаа гардан авах үеэр цөөн хором ярилцлаа.


-Аймагтаа адуугаараа тэргүүлж, “Манлай малчин” хэмээх цол хүртлээ. Баяр хүргэе. Хэзээнээс адуу маллаж эхэлсэн бэ?

-Мал маллахад тусалж, дэмжиж байдаг бүх хүний л хөдөлмөр, ханийхаа түшиг, тулгуураар энэ сайхан шагналыг авч байна. Би 2004 онд сургуулиасаа гараад адуу маллаж эхэлсэн. Гурван үеийн адуучин улс болохоор багаасаа адуунд их хайртай байлаа. Миний өвөө, аав бүгд адуучин хүмүүс. Одоогоор манайх тэмээнээс бусад малыг өсгөн үржүүлж байна.

-Өвөлжилт хэр байна. Танайх хаагуур нутаглаж байгаа вэ?     

-Манайх Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Эрдэнэсант сумын зааг нутаг “Батхаан” гэх сайхан газар зусч, өвөлждөг. Өнгөрсөн зун, намар манай суманд газрын гарц муу, өвөлжилт хүнд болох төлөвтэй байсан учраас Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оторлож байгаа. 2017 оноос хойш гурав дахь жилдээ тэр нутагт өвөлжиж байгаа болохоор хүмүүсээ таньдаг болчихсон. Нутаг орныхон сайхан хүлээж авдаг.

-Зарим аймагт отрын айлууд хөөгдөж туугдаад  бэрхшээлтэй л байх шиг байна. Танай хувьд байдал ямар байна вэ? Хэр их малтай оторлож явна.

-Энэ жил бүх малаа туугаад очсон. Манайх бараг тэр нутгийн айл шахуу болчихсон болохоор хүндрэл гардаггүй. Ер нь отроор явахад бэлчээр талхалдаг гээд адууг үздэггүй юм. 2017 оноос өмнө Булганы зарим суманд оторлодог байлаа. Хуучны цагт малчин бүр хүний өөрийн гэхгүй, адуу малаа хайрлаад л дуртай газраа нүүдэллээд л явдаг байсан. Одоо цагт отроор явна гэдэг их бэрх байдаг болж.

-Нутгийнхаа айлуудтай хамт отроор явсан уу? Холын отор ганц айлд чангахан байх болов уу?

-Манайх нэг туслах адуучинтай. Мөн өөрийн төрсөн ахтайгаа хамтраад гурван өрхөөр яваа. Хүүхдүүд маань нас бага, адуу малд явж, тусд орох болоогүй л байна. Өвлийн хүйтэн, газрын холд эртхэн л явахгүй бол хэцүү. Хүн, малгүй замдаа их ядарна, турна.

-Адуу маллахын сайхан нь юунд байдаг вэ?

-Адуу бүлээн хошуутай, хийморьтой, буянтай амьтан. Адуугаа дагаад явж байхад олонтой танилцаж байдаг юм. Аав, ээжийнхээ өвлүүлсэн мал маллах арга ухаанаар л явж байна даа. Малаа зарж борлуулдаг ч эргээд төлөөрөө нөхдөг. Маллагаа сайтай, тарга тэвээргийг нь сайн авахуулбал мал багасна, хорогдоно гэж байдаггүй.

-Баярлалаа танд. Мал сүргээ онд мэнд оруулаад, урин дулаан цагаар нутагтаа буцаад ирээрэй.

Холбоотой мэдээ