Аман зохиол нь өв уламжлалын чухал хэсэг юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-02 09:29:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсгийн нэг бол монгол ардын аман зохиол юм. Энэхүү монгол ардын аман зохиол нь маш эртнээс нүүдэлчин монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулах гол хэрэгсэл болж байсан төдийгүй онцгой үүрэг гүйцэтгэж байжээ.

Аман зохиол гэдэг нь олны дунд амаар зохиогдон тэдний мэргэн ухаан, цэцэн билгийн илэрхийлэл болж уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл юм. Монгол ардын аман зохиол нь хэд хэдэн үндсэн төрлүүдэд хуваагддаг ажээ. Тухайлбал:

үлгэр, тууль, домог, оньсого, таавар, зүйр цэцэн үг, ерөөл, магтаал, ертөнцийн гурав, хууч яриа зэрэг юм. 

Хэдийгээр өдөр тутам шинэ зүйлс гарч байдаг өнөөгийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр ардын аман зохиолыг сонирхон хэрэглэх хүмүүсийн тоо нэлээд буурчээ. Иймээс үндэстний баялаг өв уламжлалын нэг болсон аман зохиолын төрөл бүр тус бүрнээ чухал ач холбогдолтой гэдгийг санаж явах учиртай аж. Тухайлбал, үлгэр домог, ерөөл магтаал, тууль нь төсөөлөн бодох чадварыг сайжруулж, хүлээцтэй буюу тэвчээртэй хүн болоход нөлөөлдөг байна. Харин оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, түргэн хэллэг, жороо үг зэрэг нь өгүүлэхүйн эрхтний үйл ажиллагааг сайжруулж, зөв цэгцтэй ярихад тусалдаг ажээ. Түүнчлэн аман зохиолын төрөл зүйл бүрт монгол ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлог гүн шингэсэн байдгаараа онцлогтой юм. Иймээс монгол хүн бүр ардын аман зохиолоо судлах, үр хойчдоо танин мэдүүлэх нь нэн чухал зүйл болжээ.

 

Холбоотой мэдээ