Эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл хангаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-01 15:50:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудын халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх ажлын багтай өнөөдөр уулзлаа. 


Засгийн газраас хилээ тавдугаар сарын 1-нээс нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад COVID-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн юм. Тус үүргийн дагуу ХЗДХ-ийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын баг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан байна.  Ажлын баг COVID-19 цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургууль зохион байгуулах, эрсдэлийг даван туулах аргачлалыг тодорхойлж ажиллахаар бэлтгэж байгаа юм.



НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдэлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтод хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын баг танилцуулав.


Хилийн боомтуудыг нээж, ажлыг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа  Шадар сайд С.Амарсайхан илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйтгэлд онцгой анхаарах чиглэл төлөвлөгөөнд тусгахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ