Сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох санал дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-02 09:23:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сар бүрийн нэгнийг хүүхдээ сонсох өдөр болгохоор Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр энэ оны анхны уулзалтаа хийж, ЕБС-ийн төгсөх анги буюу 12 дугаар ангийн сурагчдын төлөөллийг урьж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Зочин сурагчид дараах асуудлыг онцоллоо. Үүнд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, монгол ёс заншил, өв уламжлалын талаар хүүхдүүдийн мэдлэгийг сайжруулах, сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох, үдийн цай хөтөлбөрийн чанарт анхаарахыг хүслээ. Мөн орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, их, дээд сургуулийн салбар сургуулийг аймагт байгуулж, заавал Улаанбаатар хот явах шаардлагагүй, аймаг орон нутагтаа боловсрол эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох хэрэгтэйг тэд хэлсэн юм.
Үүнээс гадна төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын бэлтгэлийг тасралтгүй, танхимаар сайн зохион байгуулах, мэргэжил сонголтод анхаарах, сайн мэдээлэл мэдлэгээр хангах, гадаад хэл сурах боломжуудыг нэмэгдүүлэх, таатай орчныг бий болгох, боловсролын салбарт дэд хөтөлбөрүүдийг илүү үр өгөөжтэй, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай хэрэгжүүлэх зэрэг саналыг онцолж байна. Сар бүрийн нэгний өдөр сурагч хүүхдүүдтэй аймгийн удирдлагууд уулзан, тэдний оролцоог нэмэгдүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.
Холбоотой мэдээ