Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хөсөг” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-02 12:29:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллага Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчдыг дэмжих "Хөсөг" төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тус төсөл нь өнөө цагийн ахуйд тохирохуйц, улс үндэстэн бүрийн хэрэгцээнд нийцэж чадах үндэсний бүтээгдэхүүн бий болгох, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах замаар өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотоос ирсэн мэргэжлийн хүмүүс гар урчууд, бизнес эрхлэгчдэд тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийг хийх, хөгжүүлэх аргыг заах аж. Уг ажилд эхний ээлжид орон нутгийн 50 орчим хүнийг хамруулна.

Улмаар иргэдийн хийсэн тодорхой шалгуур хангасан бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авч, сайжруулалт хийсний үндсэнд Улаанбаатар хотод болон гадаадын орнуудад экспортод гаргана.

Ташрамд дурдахад, “Хөсөг төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй иргэд,  үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг юм.

Холбоотой мэдээ