Америкчууд ирэх хавраас хэвийн амьдралдаа эргэн орно гэж найдаж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-03-03 13:48:02

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден америкчууд коронавирусний цар тахал эхлэхээс өмнөх амьдралдаа нэг жилийн дараа эргэн орно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Түүнийг мягмар гарагт Цагаан ордонд үг хэлэх үеэр улс орон нь хэзээ хэвийн байдалдаа орохыг асуужээ. "Энэ асуултад хариулахгүй байхыг надад анхааруулсан, яагаад гэвэл бид тодорхой мэдэхгүй байгаа. Гэхдээ ирэх оны хавар гэхэд бид хэвийн амьдралдаа эргэн орно гэж найдаж байна" хэмээн Америкийн удирдагч онцлон хэлсэн байна.


Жо Байден АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирустэй тэмцэхэд хэрэгжүүлж байсан арга хэмжээг дахин шүүмжилжээ. “Өмнөх засаг захиргааны эмх замбараагүй бодлогыг цэгцлэх бидний ажилд ахиц дэвшил гарч байна. Гэсэн хэдий ч байдал дахин дордож болзошгүй” гэж тэрбээр хэлээд засаг захиргаа нь "эрүүл мэндийн салбарын өнөөгийн хямралд хэзээ ч хөнгөн хандахгүй" гэж онцлон тэмдэглэжээ.


Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28.7 сая гаруй хүн халдвар авч, 516 мянга орчим өвчтөн нас барсан байна.


Холбоотой мэдээ