"Сүлд" чуулгын найрал дууны ангийг МУСГЗ С.Галсанцэдэнгийн нэрэмжит болгов

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-03-04 18:41:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын "Сүлд" чуулгын найрал дууны ангийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Галсанцэдэнгийн нэрэмжит болгожээ. 


“Энэ жил Монголын цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой болно. Ойн хүрээнд төлөвлөсөн ажлын нэг нь ахмад үеийнхний алдар гавьяаг дурсах, уран бүтээлээс нь суралцах, яг тэр хэлбэрээр нь уламжлан үлдээх зорилгоор мэргэжлийн дуу хөгжим, бүжгийн ангиудын үндэс суурийг тавьсан уран бүтээлчдийн нэрэмжит ангийг байгуулж байна. Энэ ажлын хүрээнд дурсгалын самбар байрлуулан ах дүү, төрөл төрөгсдөд нь батламж гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна” хэмээн "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар онцлов. 


Мөн "Сүлд" чуулгын дарга асан, цагдаагийн хурандаа, МУСГЗ Л.Гаваасүрэн хэлэхдээ, “Бүх цэргийн дуу бүжгийн чуулгаас 4 насаар дүү "Сүлд" чуулга нь 1936 оны 9 дүгээр сард өрлөг жанжин Х.Чойбалсангийн 125 дугаар тушаалаар “Цагдан сэргийлэх клуб” гэсэн нэртэйгээр байгуулагдсан. 1994 онд чуулгыг шинэчлэн байгуулж, Ардын арми, Зэвсэгт хүчинд урлагийн мэргэжлээр ажиллаж байсан ахмадуудыг урьж ажиллуулж байлаа. Тэдний дотор С.Галсанцэдэн багш байсан юм. Тэрээр үеийнхнийхээ сайн анд, сайн сурган хүмүүжүүлэгч, улс төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг, хариуцлагатай зүтгэлтэн, цэвэр цэргийн хүн байсан. Манай орны дахин сэргэн мандалтын үеийн түүхийг энэ чуулгын ардын армийн ахмад үеийнхэн бичсэн гэж хэлж болно” гэлээ. 


С.Галсанцэдэнгийн дуунууд нь зохиолын хувьд мэргэжлийн өндөр түвшинд, сурахад хялбар, сонсоход эгшиглэнтэй бичигдсэн байдаг аж.

Хүндэтгэлийн ажиллагаанд түүний гэргий, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь оролцож, "Сүлд" чуулгын найрал дууны ангиас өгч буй сэтгэлийн бэлгийг хүлээн авч талархлаа илэрхийлсэн юм. 


Б. Мандуул

Холбоотой мэдээ