“Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-04 23:51:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын ажлын алба, Эрх зүй, нутгийн удирдлагын хороо”-ноос Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон аймгийн ИТХ-ын үе, үеийн дарга, нарийн бичгийн дарга, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэд, төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа бөгөөд үүний нэг нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” юм. Тус хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой орон нутгийн иргэдийн саналыг авахаар уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Орхон аймаг улсын зэрэглэлтэй хот болсноор газар нутгийн хэмжээ нэмэгдэхгүй, төсөв санхүүгийн үйлчлэл тодорхойгүй, өмч эзэмшигчийн эрх үүрэг тодорхой бус байгааг хэлж байлаа. Мөн хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн уялдаа холбоо байхгүй, иргэдийн төрд төлөөлөх төлөөлөгчийг сонгох зарчмыг баримтлаагүй, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчныг дордуулж, эрхийг хязгаарласан гэж үзэж байв. Мөн хэлэлцүүлгийн үеэр найруулгын шинж чанартай, зарим зүйл заалтыг нарийн тодорхой болгосон зохицуулалт оруулах шаардлагатай гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төслийг дахин хэлэлцэж, АИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, гарсан шийдвэр, саналыг тогтоол болгон баталгаажуулж, хууль боловсруулж буй Ажлын хэсэгт хүргүүлэх шаардлагатай гэв.  Мөн энэ хуулийн төсөл дээр Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд бүлэг байгуулж, Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэлээ. 

Холбоотой мэдээ