Өнгөрсөн 24 цагт "COVID-19" халдварын 108 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-08 10:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 108 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт юм.  


Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3 336-д хүрч байна. Үүнээс  2 588 буюу  77.5 хувь нь эдгэрчээ.


Улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь аймагт ажиллаж буй салбар лабораториудад нийт 13 269 хүнд шинжилгээ хийжээ.


Доктор А.Амбасэлмаагийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын гурав нь тусгай онгоцоор ирсэн иргэд байна. Тухайлбал, 2 дугаар сарын 25-нд  Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 3 дугаар сарын 5-нд Нур-Султан чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрчээ. 

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 421 болж байна.


Үлдсэн 105 тохиолдол нь нийслэлд голомтлон гарч буй голомтоос халдвар бүртгэгджээ. Үүний 54 нь УДЭТ-ын үзвэртэй холбоотой халдвар гарчээ. Тус театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Тоглолтод оролцсон 119 хүний шинжилгээг авахад 54 хүнээс халдвар илэрчээ. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм. 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  732 хүн эмчлүүлж байна. Тэдний 2 нь маш хүнд, 2 нь хүнд,  68 нь хүндэвтэр, 659 нь хөнгөн гэж оношлогджээ.

Холбоотой мэдээ