Цэцэрлэг, сургууль өнөөдрөөс хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-09 11:32:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын зургадугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу тус аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Өмнө нь Онцгой комисс тавдугаар хуралдаанаар гуравдугаар сарын 15-нд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч дахин хуралдаж, энэ хугацааг наашлуулсан юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сайнцагаан сумын таван сургуулийн захирал, найман цэцэрлэгийн эрхлэгчийг хүлээн авч уулзан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ярилцан, санал бодлыг сонссоны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн гэдгээ мэдээлсэн. 

Мөн УОК-оос ч сургууль, цэцэрлэгийн сургалтын эхлэх хугацааг наашлуулах чиглэл өгч, эцэг эх, багш нараас ч санал ирсэн аж.

Дундговь аймгийн хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй Эрдмийн далай цогцолбор сургуулийн хувьд дөрвөн ээлжээр 08.00-19.20 цаг хүртэл хичээллэж байгаа ба 27-гоос дээш хүүхэдтэй ангийг хоёр бүлэг болгон тус бүр гурван цагийн хичээл орж байгаа юм. 

Тус сургууль 1526 хүүхэдтэй, дотуур байранд 94 сурагч хүлээж авах ажээ. 

Холбоотой мэдээ