Монгол Улс коронавирусний 460 мянган тун вакцины нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-09 11:27:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад өнөөдрийн байдлаар, коронавирусний эсрэг гурван төрлийн вакцины нийт 460 мянган хүн тун байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 


Тодруулбал, "Астразенека" 150 мянга, "Синофарм" 300 мянга, "Спутник-V" 10 мянган вакцины тун байгаа юм. Дараагийн ээлжийн вакциныг оруулж ирэхээр Засгийн газар, ГХЯ, ЭМЯ, Сангийн яамны гадаад улс орнуудтай хийж буй гэрээ, хэлцэл амжилттай өрнөж буйг тодотгов. 


Нийслэлд өнөөдрөөс дархлаажуулах ажлыг өргөжүүлж, өдөрт 16-20 мянган хүнийг 85 цэгээр вакцинжуулахаар болсон юм.

Вакцинд хамрагдах иргэдээс PCR/ПГУ шинжилгээ шаардахгүй гэдгийг мэдээллийн үеэр дурдав.

Учир нь Улаанбаатар хотод шинжилгээний цэгээс ирж байгаа нийт сорьцын 1-ээс бага хувь нь эерэг гарч байгаа юм. Харин тандалтын зорилгоор авч буй шинжилгээний 90 хувийнх нь хариу эерэг гарч байгаа аж.


Ташрамд дурдахад, манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", БНЭУ-д үйлдвэрлэсэн "Астразенека", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Эдгээр вакциныг хүлээн авч, хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа бөгөөд вакцин татан авах ажил үргэлжилж байна. Манай улс насанд хүрсэн нийт хүн амаа буюу хоёр сая иргэнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Нэг хүнд хоёр тун вакцин хийхээр тооцоход дөрвөн сая вакцины тун шаардлагатай юм.


Өчигдрийн байдлаар, 20 976 хүнийг вакцинжуулаад байна. "Спутник-V" вакцин 92 хувь,  "Астразенека" 62-90 хувийн үр дүн гаргасан бол, харин өвчлөлийн хүндрэлээс 99-100 хувь хамгаалж байна гэсэн олон улсын судалгаа гарчээ.

Холбоотой мэдээ