250 мянга гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-09 14:50:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрснээс өнөөдрийн байдлаар хорогдсон малын тоо 255 мянга гаруйд хүрээд байна. Үүнээс Бууцагаан суманд хамгийн олон буюу 50.2 мянга, Хүрээмарал суманд 18.7 мянга, Баянговь суманд 17.8 мянга, Жинст суманд 16.8 мянга, Баян-Овоо суманд 15.8 мянган толгой мал хорогдоод байгаа аж.

Аймгийн Мал эмнэлгийн газраас отор нүүдэл, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, өвчний улмаас хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах, бэлчээр, бууц, өвөлжөө, хаваржааны хашаа байр, худаг, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйтгэх ажлыг аймгийн хэмжээнд 3-5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийт 32.5 сая төгрөгийг энэ ажилд зарцуулахаар тусгасан байна.

Малын сэг зэм устгалд сумдын удирдах албан тушаалтан (сумдын ЗДТГ, багийн Засаг дарга, Мал эмнэлгийн болон экологийн, байгаль орчны улсын байцаагч), малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулах аж.

Холбоотой мэдээ