Тайланд гадаадын иргэдийн тусгаарлагдах хугацааг багасгана

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-09 15:10:18

БАНГКОК. /TASS/. Вакцинжуулалтад хамрагдсан гадаадын иргэдийн заавал тусгаарлагдах хугацааг Тайландын Засгийн газар 14-өөс 7 хоног болгож бууруулжээ.


Шинэ дүрэм 4 дүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжинэ хэмээн Тайландын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Дэлхий даяар хэрэглэсэн вакцины хэмжээ хэдийнээ 250 сая тунд хүрсэн бөгөөд энэ үйл явц үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан вакцинжуулалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээтэй гадаадын иргэдийн тусгаарлалтын хугацааг 14-өөс 7 хоног болгож бууруулах шийдвэр гарсан. Үүнээс гадна Тайландад ирэхээс дор хаяж 72 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх, хариу сөрөг гарсныг батлах бичгээ үзүүлэх, Тайландад ирэх үедээ мөн шинжилгээнд хамрагдах ёстой юм” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

 

Үүний зэрэгцээ вакцинжуулалтад хамрагдсаныг нотлох бичиг баримтгүй гадаадын иргэдийн тусгаарлагдах хугацааг 4 дүгээр сараас эхлэн 10 хоног болгож бууруулахаар болжээ. Эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын ажилтнууд, эрсдэлийн бүлгүүдийн вакцинжуулалт 70 хувьтай явагдаж буй бүс нутгуудад 2021 оны 10 дугаар сараас тусгаарлалтыг бүрэн цуцлах тухай асуудлыг эрх баригчид хэлэлцэхээр төлөвлөж байна.  

Холбоотой мэдээ