Нийслэлд 30 446 хүнийг вакцинжуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-10 12:38:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүрэгт байгуулсан 35 цэгт 48 дархлаажуулалтын баг нийтдээ 420 гаруй эмч, мэргэжилтэн вакцинжуулалтын ажил зохион байгуулжээ.


Энэ сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30 446 хүнийг вакцинд хамруулсан бөгөөд 9 470 хүнийг өчигдөр вакцинжуулсан тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэв.


Вакцинд хамрагдсан хүмүүсийн 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид байгаа бол 11.3 хувь нь  ААН, байгууллагын ажилтан, албан хаагчид байна. Одоогоор вакцин хийлгэсний дараа ноцтой урвал, хүндрэл гараагүйг тэрбээр хэллээ.


Мөн тэрбээр, “Вакцинд хамрагдсан нийт хүний 60 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрнэ гэж вакцины зааварт мэдээлсэн. Мөн 40-50 хувьд хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрнэ гэсэн байгаа. Тэгвэл одоогоор вакцинд хамрагдаад буй хүмүүсийн 48.8 хувьд нь вакцины дараах хариу урвал ажиглагдаж байна. Хариу урвалыг илэрсэн даруйд эрүүл мэндийн байгууллагад мэдээлж, таагүй байвал шинж тэмдгийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх ёстой” хэмээсэн юм.


Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 94 баг 1 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж.

Холбоотой мэдээ