Монголын металл хамтлаг хэрхэн соёлын гоц үзэгдэл болов?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН. /Kerrang/. Арвангуравдугаар зуунд Монголын эзэнт гүрэн Чингис
хааны удирдлага дор дэлхий дахинд алдар нэрээ цуурайтуулж байв. Манлайллынхаа
оргил үед дэлхийн хүн амын дөрөвний нэгээс илүү хувийг хяналтдаа оруулж байсан
энэхүү улс түүхэн дэх хамгийн удаан оршин тогтносон эзэнт гүрэн хэвээр байна.
Монголын эзэнт
гүрэн дэлхий дахинд хамгийн өнө удаан үргэлжлэх нөлөөг үзүүлсэн юм. Чингис
хааны үеийн монголчууд эзлэн түрэмгийлэгчид, дайчид хэмээн дурсагдсаар байгаа
боловч тэд шинжлэх ухааны дэвшлийг нэвтрүүлж, олон улсын худалдааг өргөжүүлж,
мэдлэг, мэдээллийн урсгалыг хөнгөвчлөхөд хувь нэмрээ оруулж байсан түүхтэй.
Харин “Хү”
хамтлаг бол Монголын тал нутгаас дэлхий дахинд нөлөө үзүүлэх төлөвлөгөөтэйгээр
гарч ирсэн хамгийн сүүлийн үеийн хамтлаг юм. Тэдний алдар нэр улсынхаа хамгийн
суут хүнтэй харьцуулагдахааргүй хэдий ч нэр хүнд нь улам бүр түгэн
тэлсээр байна. “Хү” анхны уран бүтээл болох “Yuve Yuve Yu” дуугаа 2018 оны сүүлээр гаргасан нь “YouTube” цахим хуудсанд 70 сая гаруй хандалт
аваад байгаа бол дараагийн дуу “Wolf Totem” нь мөн л өндөр хандалттай байна.
Тэд олон улсад
аялан тоглолтоо ч хийгээд амжсан боловч цар тахлын улмаас зогсоохоос өөр
аргагүйд хүрээд байгаа юм. Мөн “Gereg” нэртэй анхны цомог нь дэлхийн хөгжмийн чартуудад өндөр амжилт үзүүлсэн.
Соёлын жинхэнэ гоц үзэгдэл болж чадсан “Хү” Монголын хамгийн нэр хүндтэй шагнал
болох “Чингис хааны одон”-г Ерөнхийлөгчөөсөө гардан авсан юм.
“Хү” өөрсдийнхөө
бий болгосон “Хүннү рок” хэмээх ер бусын урсгалыг ийм өндөр амжилтад, ийм
хурдан хүрнэ хэмээн төсөөлж байсан удаа бий болов уу?
Морин хуурч, хөөмийч Ц.Галбаатар буюу Галаа, “Өөрсдийн соёл,
гайхамшигт хөгжмийг дэлхий дахинтай хуваалцах хүсэл эрмэлзлэлээс энэ бүхэн
эхэлсэн” хэмээн ярив. Бид энэхүү
ярилцлагаа “Zoom” хавсралтаар
дамжуулан Их Британи, Монголын нийслэл Улаанбаатар хот, АНУ-ын Чикаго хотоос
хийсэн юм. Чикагод Галаагийн ах, хамтлагийн менежер, орчуулагч Туга байгаа юм.
“Хү” хамтлаг “The
Great Chinggis Khaan” дуугаараа
домогт удирдагчийнхаа мөн чанарыг илэрхийлсэн бөгөөд ингэхдээ эзлэн
түрэмгийллээс илүү энх тайвны төлөөх ололтуудыг нь голчлон харуулсан юм. Энэхүү
дуунд “Их Чингис хаан, Хөх дэлхийн хаан... Оюун ухаант мэргэдийг дээдэлсэн,
Өртөө улаа, гэрэгийг зарлигдсан” хэмээн гардаг. Эзэнт гүрнээр зорчихыг
зөвшөөрдөг “Гэрэг” нь нэгэн төрлийн дипломат паспорт байсан бөгөөд үүнээс
улбаалан анхны цомгоо нэрлэжээ.
“Тухайн цаг үед
гэрэг бүхий дайчин олон орноор чөлөөтэй зорчдог байсан тул бид “Gereg” цомгоо дэлхий дахинд үзүүлэх дипломат
паспортоо болгохыг хүссэн. Дэлхийн улс орон бүрээр зочилж, дуу хөгжмөө түгээх
боломж бүрдэхийг бэлгэдэн анхны цомгоо ийнхүү нэрлэсэн юм” гэж Галаа онцлов.
“Хү”-гийн амжилт цаашид Монголын рок, металл хамтлагуудад дэлхийн тавцанд гарах үүд хаалгыг нээх эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулах хэдий ч ийм үр дүн хэдийн ажиглагдаж эхэлсэн гэдгийг Галаа хэллээ. Тэрбээр, “Биднийг клипнүүдээ цацаж, аялан тоглолт хийж эхэлснээс хойш Монголын залуу уран бүтээлчид урам зориг авч, өөрсдөдөө улам их итгэх болсон. Бидний хувьд энэ нь тун их ач холбогдолтой юм” хэмээн нэмж хэлэв.
Өвөр Монголын “Nine
Treasures” фолк металл хамтлагийн
гишүүн Асхан ч үүнтэй санал нэг байна. Түүний хэлснээр, “Хү” өндөр амжилт
үзүүлснээс улбаалан хүмүүс энэ төрөл жанрын уран бүтээлүүдийг сонирхож эхлэх
хандлагатай байгаа ажээ.
“Хү” энэ жанртаа
шинээр төрөн гарч буй хамтлаг бол арав гаруй жилийн өмнө байгуулагдсан, гурван
цомогтой “Nine Treasures” нь Монголын металл ертөнцдөө ахмад уран бүтээлчдэд тооцогдох юм. “Nine
Treasures” Хятадын өөртөө засах
орны хамтлаг хэдий ч Асхан өөрийгөө соёлын хувьд Монгол хүн хэмээгээд, хамтлаг
нь Монголын домог, түүх, уламжлалт хөгжмийг уран бүтээлдээ шингээдэг хэмээн
ярив.
“Nine
Treasures”-ийн үүссэн түүх нь дэлхийн
бусад хамтлагийнхаас бага зэрэг өөр. Асхан 1980-аад оны сүүлээр Улаанбаатарт
байгуулагдсан “Хурд” хамтлагаар дамжуулан рок-н-ролл урсгалтай анх танилцжээ.
Энэхүү хамтлагийг Монголын анхны хард рок, хүнд металл хамтлаг гэж олон нийт
үздэг байна.
“Тэрхүү хамтлаг
надад маш гайхалтай санагдсан. Тухайн үед ойролцоогоор 10 настай байсан би
өөрийнхөө юу сонсож байгааг ч сайн мэдэхгүй байсан” гэж Асхан дурсан ярилаа. “Гитар,
бассын дугаралт гэж ч мэдэхгүй байсан надад тун шинэлэг байсан. "Хурд" бол миний
амьдралдаа сонссон анхны рок хамтлаг. Түүнээс хойш найзуудтайгаа хуурцаг /касет/ солилцож, өөр өөр хамтлагуудын талаар мэддэг болсон” гэж тэрбээр хэлсэн юм.
“Nine
Treasures” эхэндээ уламжлалт
элементүүдийг агуулаагүй боловч Асхан
Европын фолк металл “Eluveitie”, “Moonsorrow”, “Korpiklaani” зэрэг хамтлагуудыг сонсож эхэлснээр шинэ санаа
төржээ. Ийнхүү тус хамтлаг металл уран бүтээлүүддээ өөрсдийн ардын хөгжмүүдийг
хослуулж эхэлсэн байна.
“Монгол хөгжмийн
зэмсгүүдийг Азийнхтай харьцуулахад илүү гүн дугардаг тул металл хөгжимтэй
сайхан сонсогдож байсан. Гэвч төрөлхийн мэт тохирохгүй байгаа тул энэ бүгдийг
хослуулахад нөр их хөдөлмөр шаардлагатай хэвээр байна” гэж Асхан бодолхийлэн
хэлэв.
Монголын металл урсгалын өөр нэгэн томоохон төлөөлөгч нь “Тэнгэрийн хөлөг”
фолк металл хамтлагийг үүсгэн байгуулагч Ганганбайгаль юм. Хөгжмөө өөрөө
зохиодог байсан тэрбээр 2019 онд таалал төгсжээ. Түүний нас барсан шалтгааныг
олон нийтэд дэлгээгүй боловч хамтлагийн гишүүд нь түүнийг “сэтгэцийн эрүүл
мэндийг чухалчилж үздэг хүн байсан, найз нөхдөөсөө эхлээд огт танихгүй хүмүүст
хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтайгаа тууштай тэмцсээр байхыг уриалдаг
байсан” гэж ярьжээ.
Ганганбайгаль Их Британийн “Kerrang” сэтгүүлд сэтгэцийн эрүүл
мэндийнхээ талаар ярьж байсан бөгөөд амиа егүүтгэхээр Нью-Йоркийн нэгэн
барилгын дээвэр дээр гарч байсан тухайгаа дэлгэж байсан удаатай юм. Тэрбээр, “Байшингийн
дээвэр дээр гараад амиа егүүтгэх талаар бодож байх үед хаанаас ч юм олон цагдаа
гарч ирсэн” хэмээн ярьж байжээ.
“Ганганбайгаль агуу хүн байсан. Тэрбээр энэ жанрын төлөө маш их хичээл
зүтгэл гаргасан. “Тэнгэрийн хөлөг” манай хамтлагаас хоёр, гурван жилийн өмнөөс уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Миний хувьд хамтлагаа байгуулах үедээ тэдний
дууг сонсож, олон зүйлийг сурч авсан” гэж Асхан хэлэв.
Гэсэн хэдий ч хөгжин цэцэглэж буй энэхүү хөгжмийн урсгал тус хоёр
хамтлагийн түүхээр хязгаарлагдахгүй ба “Ego Fall”, “Liberation” зэрэг
фолк металл хамтлагууд бий. Асхан мөн энэхүү жагсаалтад “Suld” хамтлагийг оруулжээ.
Эдгээр хамтлаг нь өрнөдийн рок, металл хэв маягаар голчлон тоглож, Монголын
ардын хөгжмийн элементийг нэмсэн бол “Хү” тэс өөр зүйлийг бий болгосон юм.
“Монголын бусад хамтлагаас ялгарах гол онцлог бол тэдний уран бүтээл
өрнөдийн рок хэв маягт тулгуурлаж, түүндээ Монгол аялгууг бага зэрэг шингээж
өгсөн байдаг. Биднийх бол өөр. Тодруулбал, Монголын эртний уламжлалт хөгжмийг
үндэс сууриа болгож, барууны өнгө аясыг нэмж өгдөг. Бидний тоглож буй арга
барил ч мөн тэс өөр. Иймээс л бид өөрсдийгөө ер бусын, бусдаасаа өөр гэж боддог”
гэж Галаа онцлон хэллээ.
Хөөмийлөх болон товшуур, морин хуур тоглох ур чадварыг эзэмшихэд амаргүй ажээ. “Хү”
хамтлагийн гишүүдийн хувьд мэргэжлийн хөгжимчид бөгөөд тэдний зарим нь
хөөмийлөх чадвараа дээшлүүлэхэд 20 жилийг зориулсан байна.
“Өөрсдийнхөө хэв маягийг хүн төрөлхтөний байгаль эхтэйгээ харилцан холбогдох
урлаг хэмээн тодорхойлмоор байна. Энэ бүхэн хүрхрээ, салхины чимээг дуурайн
байгальтайгаа холбоо тогтоохыг эрмэлзэж байсан өвөг дээдсээс маань улбаатай. Энэ
бол олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан урлаг юм” гэж Галаа
тайлбарлав.
“Хү”-гийн олон дуунд Байгаль эхтэйгээ гүн гүнзгий холбоо тогтоох талаар
гардаг. “Хү”-гийн “Yuve Yuve Yu” дууны клип хамтлагийн гишүүд компьютер тоглоом тоглож,
кофе шопт ухаалаг гар утсаа оролдож буйгаар, Улаанбаатар дахь орчин үеийн амьдралыг
харуулан эхэлж, Монголын нүд алдам байгалийн дүрслэлүүдийг харуулдаг.
“Дижитал ертөнцөд
амьдарч буй энэ цаг үед интернэтээр дамжуулан олон ажлыг гэрээсээ амжуулах
үүд хаалга нээгдсэн. Гэвч энэ бүхэнтэй зэрэгцэн байгаль дэлхийн төрөлх гоо үзэсгэлэн
оршин буйг санах хэрэгтэй. Хүн төрөлхтөн бид байгаль эхийнхээ бүтээгдэхүүн
учраас түүнтэйгээ ойр байж, хүндэтгэж, хамгаалах замаар хөгжиж дэвших ёстой. Үүнд
монголчууд төдийгүй дэлхий дахин өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй хэмээн бид
боддог юм” гэж Галаа хэллээ.
“Хү”-гийн “соёлыг
түгээх даалгавар” дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас түр зогсоход хүрээд
байгаа боловч тэд хаана зогссон, тэр газраасаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Жейкоби Шеддикс, Лззи Хейл нартай хамтран уран бүтээлээ туурвисан тэд сүүлд “Metallica” хамтлагийн “Sad But True” дууны шинэ хувилбарыг монгол хэлээрээ дуулан
шүтэн бишрэгчдийнхээ сонорыг мялаасан юм. “Хү”-гийнхэн одоо хоёр дахь цомгоо гаргахаар
ажиллаж байгааг Галаа дуулгав.
Монголын металл
урсгалын ирээдүйн талаар “Nine Treasures” хамтлагийн Асхан гүн ухааны шинжтэй гэж үзэж болохоор хариулт хэлсэн юм. Тэрбээр,
“Ирээдүй гэрэл гэгээтэй эсвэл түнэр харанхуй байхыг таашгүй. Гэвч бид энэ цаг
үеэ зугаатай өнгөрүүлж байгаа тул ямар байх нь хамаагүй” гэв.