Ерөнхийлөгч Х.Баттулгад айлтгал өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Улсын аварга малчин Б.Дашмягмарын тэмээн сүрэгт гуравдугаар сарын 7-ны өдөр ингэ ихэрлэж, ихэр эр ботго гарсан. Ингэ ботголсон тухай Уйгаржин монгол бичгээр бичсэн "Айлтгал"-ыг Говь-Алтай аймгийн удирдлагууд Монгол Улсын Eрөнхийлөгч Х.Баттулгад гуравдугаар сарын 12-нд өргөн барилаа.
Айлтгал гардуулах үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар нар орон нутгийн нийгэм, эдийн засгийн болон хаваржилт, мал төллөлт, бусад асуудлаар мэдээлэл хийсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Алтай нутгийн нийт зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, мал сүрэг, тэр тусмаа тэнэгэр говийн эзэн тэмээн сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай.