Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шинэ төвтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-06-13 13:27:37

Монгол Улсад анх удаа баригдах БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60 тэрбум төгрөг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв /ХБХХҮТ/-ийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Өнөөдөр болсон энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНХАУ-ын Худалдааны яам олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дарга Сун Вэйрэн нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой амбулаторийн нөхөн сэргээх төв, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд зориулсан энгийн ортопедийн туслах хэрэгсэл хийж өгөх юм. Мөн эцэг эхчүүд, гэр бүлийхэнд зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

ХБХХҮТ нь сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний ажлуудыг зохион байгуулах цогцолбор төв байх юм. Тус төвд нөхөн сэргээх газар, захиргааны газар, нөхөн сэргээх сургалт, хэвтүүлэн эмчлэх тасаг, ложистик үйлчилгээ зэрэг иж бүрэн үйл ажиллагаа явуулна.

Тус төвийн барилгын ажлыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долдугаар сарын 31 өдрөөс өмнө эхлүүлж, 2,5 жилийн хугацаанд дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Барилгын нийт талбайн хэмжээ ойролцоогоор 14,990 квадрат метр байх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ