Нийслэлд өнөөдөр 15 374 хүнийг вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-15 12:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд 28 249 хүнийг вакцинд хамруулжээ. Үүний 40 гаруй хувьд вакцины зааварт дурдсан урвалын шинж тэмдгүүд илэрсэн. Ноцтой хүндрэл бүртгэгдээгүй байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.


ЭМЯ-наас дархлаажуулалтад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалалтын хувцас, хэрэглэлээр тасралтгүй хангаж, өнөөдрийн байдлаар нийслэлд 40 цэгт 74 багийн 560 гаруй мэргэжилтэн ажиллаж, 15 374 хүнийг хамруулахаар ажиллаж байна. 

Энд төр, хувийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, тусгаарлалтад байж тодорхой шалтгаанаар хоцорсон иргэд, сургуулийн багш, ажилтнууд, мөн үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай ААН-ийн ажилтан, албан хаагчид орж байна. Түүнчлэн энэ 7 хоногт 60-65 насны иргэдийг хамруулна гэв. 


Манай улс "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, олон хүнийг богино хугацаанд үр дүнтэй хамруулах хүрээнд 3 дугаар сарын 9-нөөс эхлэн өдөрт 10-15 мянган иргэнийг хамруулж байна. 

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлээс "Монгол Эмимпекс" ОХУ-ын "Спутник" вакцинаас 10 мянган тунг оруулж ирж, "Интермед" эмнэлэгт вакцинжуулалт хийж байна. Мөн "Ач Үр", "Монос Хүнс" компаниуд вакцин оруулж ирэх хүсэлтээ өгч цаад нийлүүлэгч талтай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас тухайн компаниудад холбогдох зөвшөөрлийг өгсөн бөгөөд хувийн компаниуд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын Эмийн Үндэсний зөвлөлд бүртгүүлсэн вакциныг оруулж ирж, Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу хэрэглэх юм. 

С.Анударь


Холбоотой мэдээ