Хөл хорихгүйгээр цар тахлын үеийг давах бодлого хэвээрээ

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-03-23 16:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын хувьд өнөөдөр эдийн засгаа юу эсвэл хүн ардынхаа эрүүл мэндийг бодох уу гэсэн хоёр сонголтын өмнө тулж ирээд байна. Засгийн Газрын зүгээс коронавирусийн халдварын тоо өдөрт 200-аас давбал хатуу хөл хориог дахин тогтоохоос өөр аргагүйд хүрнэ гэж мэдэгдсэнээс ердөө дөрөв хоногийн дараа халдварын тохиолдол дээр дурдсанаас хэдийнэ давчихсан. Гамшгаас хамгаалах зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулсан нь мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхлээд байгаа Засгийн газрын хувьд яг энэ үед дахин хөл хорио тогтоох эсэх асуудлыг шийдэх амаргүй байна. Харин эрдэмтэн судлаачдын зөвлөж байгаа нь халдвар тархалтыг хумихад хамгийн гол нь хөл хорио, дархлаажуулалтын арга хэмжээ юм.

                  

   Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд ковидын ярвигтай нөхцөл байдлыг хангалттай хязгаарлаж, тогтоон барьж чадаж байсан ч өнөөдөр уг вирусээр халдварласан хүний тоо нэгэнт таван мянгыг давлаа. Нийт тохиолдлын дийлэнх нь сүүлийн хоёр сард гарсан бөгөөд гуравдугаар сар гарснаас хойш халдвар өдөрт 150-200 хүртэл нэмэгдэж байна.


2020 оны гуравдугаар сарын 10-нд анх ковидын тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн илэрснээс хойш бүтэн найман сарын турш дотооддоо уг халдварыг алдаагүй байсан үе бидэнд бий. Цар тахлын эсрэг монголчуудын барьж байсан хана хэрэм 2020 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд дотоодын халдваргүй байлгаж чадсан юм. Энэ хүртэл тогтоон барихад олон хүчин зүйл нөлөөлсний гол нь цаг алдалгүй хилийн хөдөлгөөнөө хааж, дотоод дахь сэрэмжээ маш өндөр болгосонтой холбоотой. Мөн ард иргэдийн сахилга баттай байдал үүнд чухал нөлөө үзүүлснийг дурдах хэрэгтэй. Анхны голомт болох Хятад улстай хил залгаа, эрсдэл өндөртэй улсын хувьд ковидын эсрэг чамлахааргүй хариу арга хэмжээ авч байгаа нь мэдээлэл түгээлт, сахилга бат, хорио цээрийн дэглэм, зохион байгуулалтыг олон талын судалгаан дээр үндэслэн хийж байсан нь ихээхэн тус нэмэр болсныг ДЭМБ-аас сайшааж байлаа.



Хатуу хөл хориог гурван удаа тогтоосны эцэст Монгол Улсын Ерөнхий сайд дахин хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн зарчим баримталж байгаагаа илэрхийлсэн билээ. Уян хатан энэ бодлого нь эдийн засаг болоод бусад олон салбарт дэмжлэгтэй хэдий ч цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарын болон эдийн засгийн бүх нөөц бололцоогоо дайчлан, тархалтыг газар авхуулахгүйн төлөө ажиллаж байгаа ч хүчин мөхөсдөж халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо. Өдөрт хоёр зуугаас илүү халдварын тохиолдол илрэх болсноор хязгаарлалт, хорионы дэглэм тогтоохоос өөр аргагүй байдалд хүргэж ч магадгүй.


Хөл хориог олон удаа тогтоох нь ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийн нөхцөлд, мөн боловсролын бүх шатанд сөрөг нөлөө үзүүлж байгаа учир олон нийт төдийлөн сайшаахгүй хандлагатай байгаа. Харин эрүүл мэндийн салбарынхны зүгээс вируст халдварын тоо хэт өссөн нь хөл хорио дахин тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал гэж үзэж байна. Гэсэн хэдий ч хөл хорио тогтоохгүй байхыг илүүд үзсэн Засгийн Газрын байр суурь хэвээр байна. Хэрэв дахин олон удаа хөл хорио тогтоох юм бол 2020 онд зургаан хувийн алдагдал хүлээсэн эдийн засаг дахин сэргэхэд дарамт болох нь тодорхой. Ийм нөхцөл байдлаас зөв оновчтой, алдаа эрсдэлгүй шийдвэр гаргахад эдийн засгийн болоод улс төрийн хувьд ч ихээхэн төвөгтэй.


Хэд хэдэн удаагийн хатуу хөл хорионы эцэст өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг  сулруулж эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих Засгийн газраас хэрэгжүүлсэн төлөвлөгөө сайн нөлөөгөө үзүүлж эхэлснээс дурьдвал зөвхөн энэ гуравдугаар сарын эхний хагаст л гэхэд 570 аж ахуй нэгж шинээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн, мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлснээс хойш 20 хоногийн дотор 173 зээлдэгчид 130 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа. Түүнчлэн гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл илт тогтвортой, ахисан үзүүлэлттэй байна. Эдийн засгийн нааштай үзүүлэлттэй энэ цаг үед дахин хөл хорио тогтоохгүй байхыг эрмэлзэж буй Засгийн газар, Сангийн яам одоо хүндхэн сорилттой тулгараад байна. Тиймээс энэ байдлыг даван туулахад, эдийн засгаа дахин хаалттай болгохгүйн тулд иргэдийн сахилга хариуцлага ихээхэн чухал гэдгийг Ерөнхий сайд уриалан сануулсаар байгаа юм.


Хүнд байдлаас хохирол багатай гарахын тулд дархлаажуулалтыг эрчимтэй хийх шаардлагатай гэж үзэн өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн Монгол Улсын хувьд одоогоор БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн “Астразенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 500 мянга орчим тун вакцин авсан. 200 гаруй мянган хүн эдгээр вакциныг тариулаад байгаа нь дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их тоо юм. Мөн вакцинжуулалтыг эхлүүлсэн 146 орноос эхний 17 дугаарт, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хоёрдугаарт жагсаад байна. Энэ дөрөвдүгээр сард багтаан 1,3 сая тун вакцины худалдан авалт хийж зургаадугаар сар гэхэд нийслэл Улаанбаатар хот дахь нэг саяас илүү иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Эдийн засгаа нээлттэй байлгахын тулд юун түрүүнд вакцинжуулалтыг тасралтгүй явуулахад вакцин худалдан авах санхүүжилтийн саатал гаргахгүй хэмээн Сангийн сайд мэдэгдсэн.


Улаанбаатар хотын иргэдийг вакцинжуулах үйл явц тодорхой эрэмбэ дараатай явагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд хариу арга хэмжээний буюу дархлаажуулалтыг гүйцэтгэх байгууллагынхан, хоёрдугаар ээлжинд үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар, дараа нь худалдаа үйлчилгээний болон боловсролын салбарынхан гэх маягаар үргэлжлэх юм.

 

Эрүүл мэндийн салбарын хувьд “Covid-19” халдварын үед ашиглахаар бэлдсэн нөөцийн ор дүүрч, дахин нэмэлт ор дэлгэн хүч бололцоогоо дайчилж байна. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа хүн ам шигүү суурьшсан нийслэл хотод дахин хөл хорио тогтоох эсэх нь цаашдын цаг үеийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс шалтгаалах нь тодорхой.

Холбоотой мэдээ