“Ногоон алт” төсөл үргэлжлэн хэрэгжихээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-13 17:40:02

Швейцарийн хөгжлийн агентлаг /ШХА/-ийн Хөгжлийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Даниел Валенги, “Ногоон алт” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, ШХА-ийн ажилтан Д.Байгальмаа нар өнгөрсөн 7 хоногт Увс аймагт ажиллаж, 2013-2016 онд тус аймагт хэрэгжсэн “Ногоон алт” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт хийлээ.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо (БАХ)-ны гүйцэтгэх захирал Р.Цэндээ болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцсон байна. Энэ үеэр "Ногоон алт” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар Увс аймгийн БАХ-ны гүйцэтгэх захирал Р.Цэндээ танилцуулж, төслийг цааш нь хэрэгжүүлэх менежментийн талаар санал бодлоо хуваалцжээ.

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо нь анх 2010 оны 7-р сарын 6-нд 5 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш аймгийн төр захиргааны байгууллага болон хөдөө аж ахуйн газар, байгаль орчны газар, газрын албатай хамтран ажиллаж, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа элсний нүүдэл, цөлжилт, газрын хөрсний эвдрэл, бэлчээрийн талхагдал, түүнээс үүдэн гарсан бэлчээрийн даацын хомсдол, бэлчээрийг зүй зохистой ашиглах нөхөн сэргээх асуудлаар судалгаа хийн ажилласан байна. 2013 оноос бүх суманд Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулан аймгийн хэмжээнд малчдын хамтын үйл ажиллагааг бэхжүүлснээр бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын хоршоо байгуулах, зах зээлтэй холбох, орлого нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж иржээ.

ШХА-ийн санхүүжилттэй “Ногоон алт” төслийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болж байгаа аж.

Ямартай ч төвөөс ирсэн ажлын хэсгийнхэн Увс аймгийн “Ногоон алт” төслийн тайланг сонсоод үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ