Оросын уран гулгагчид спортын хосын төрөлд дэлхийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-03-26 10:16:20

СТОКХОЛЬМ. /TASS/. Шведийн нийслэл Стокхольм хотноо болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ спортын хосын төрөлд ОХУ-ын уран гулгагч Анастасия Мишина, Александр Галлямов нар тэргүүн байр эзэллээ.


Оросын уран гулгагчид богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 227.59 оноо авсан байна. Хоёрдугаар байранд өмнөх ДАШТ-ий ялагчид болох Хятадын Сүй Вэньжин, Хан Цун нар (225.71), гуравдугаар байранд Оросын Александра Бойкова, Дмитрий Козловский нар (217.63) оржээ. ДАШТ-ий хошой мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нар дөрөвдүгээрт байранд (212.76) орсон байна.  


Мишина, Галлямов нар ДАШТ-д анх удаа оролцож байгаа аж. Тэд Гранпри тэмцээний хүрэл медальт, өсвөрийн дэлхийн аварга юм. Татьяна Волосожар, Максим Транков нар алтан медаль хүртэж байсан 2013 оноос хойш Оросын уран гулгагч хос ДАШТ-ээс алтан медаль авч байгаагүй ажээ.


Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан Оросын баг ОХУ-ын уран гулгалтын холбооны (FSR) багийн хувиар оролцож байна. Шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концертын хэсгээс эгшиглүүлнэ.


Холбоотой мэдээ