ТИКА-гийн дэмжлэгээр мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-26 19:37:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА манай улсын Техник, технологийн политехникийн коллежийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлээд байна. 

Тодруулбал, ТИКА-гийн тусламж дэмжлэгээр тус коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг 20 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчилж, сайжрууллаа. 

ТИКА-гийн төлөөлөгчийн газар манай улсад 2004 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 730 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд буйг ТИКА-гийн суурин төлөөлөгч У.Эмрах тодотголоо.


Тэрээр хэлэхдээ, "Бид Монголын ард түмэнд хүрсэн төсөл, хөтөлбөрийг 21 аймаг, бүх суманд хүргэж ажиллахыг хичээдэг. Үүний нэг нь Техник, технологийн политехникийн коллежийн хүнсний үйлдвэрлэл, технологийн танхимыг тоног төхөөрөмж, материалаар хангах төсөл юм.

Бид бүх салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн эрмэлздэг. Тэр дундаа мэргэжил, сургалтын төслүүдэд илүү анхаарч байна. Энэ төслөөр бид суралцагчдыг орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн, шинэ тоног төхөөрөмжтэй орчинд суралцаж төгсөөд найдвартай ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэхийг зорьсон" гэв. 

Тэрээр энэ жил мөн Ховд аймгийн Техник, технологийн политехникийн коллежийн хүнсний үйлдвэрлэл, технологийн танхимыг тоног төхөөрөмж, материаллаг баазаар хангах төсөл хэрэгжинэ гэв. Турк, Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагаа, харилцаа улам батжин, Монгол Улс манай улсыг гуравдагч хөрш орноор зарласан нь бидэнд ямар их ач холбогдол өгч буйг харуулж байна гэдгийг тэрээр онцолж хэллээ. 


Техник, технологийн политехникийн коллежийн Хүнс, био инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Цогцолмаа хэлэхдээ, "Манай хоол үйлдвэрлэлийн дадлагын газар нь 92 ам дөрвөлжин метр талбайтай, нэг ээлжинд 25-30 сурагч хичээллэдэг, төрөл бүрийн хоол, нарийн боовны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай газар болон өргөжиж байна. Шинэ тоног төхөөрөмж, шинэ орчинг бүрдүүлж өгч буй нь бидэнд, манай оюута суралцагч нарт мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, мэргэжлийн чадамжид суурилсан сургалтыг улам сайжруулж чанаржуулах боломжийг бүрдүүлж өгч буй том дэмжлэг туслалцаа" юм гэдгийг онцлов.



Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ