СЭЛЭНГЭ: Булган уулын бэлд Сэлэнгийн шинэсэн төгөл бий боллоо
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай
аймгийн төв Булган уулын бэлд Сэлэнгийн үржил шимт хөрсөнд тарьж ургууулсан
шинэс модны тарьцаар төгөл байгуулсан байна.
Монголын сумын эмч
мэргэжилтнүүдийн холбооны "Хангайн бүс”-ийн аймгуудын туршлага солилцох
зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос төрөн гарсан Монгол Улсын
гавъяат эмч Г.Сахъяабазарын санаачилгаар Сэлэнгэ аймгийн сумын эмч
мэргэжилтнүүдээс бэлэг болгон илгээсэн 200 ширхэг шинэс модыг Булган уулын
энгэрт тарьж, МСЭХ-ны "Хангайн бүсийн төгөл"-ийг байгуулжээ.
Төглийн цаашдын арчилгааг
Архангай аймгийн Байгаль орчны газар хариуцан ажиллахаар хүлээн авсан байна.
Төгөл байгуулах үйл ажиллагаанд
зөвлөгөөнд оролцож буй Сэлэнгэ, Архангай, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон
аймгуудын 83 сумын 203 эмч, мэргэжилтнүүд оролцжээ.
Архангай аймагт болсон тус зөвлөгөөнд
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны төлөөлөл 44 эмч, мэргэжилтнүүд оролцсон
байна.
Зөвлөгөөний хүрээнд Сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэхэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЭМТ-ийн дарга Б.Баярмаа "Яаралтай тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй туршлага" сэдвээр илтгэл тавьжээ.
