Сэтгүүлч С.Анхбаяр аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-14 22:15:53

Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Улаангом сумын 11-р багт бие даан нэр дэвшигч, сэтгүүлч Сайнбилэгийн Анхбаярын сурталчилгааны нээлт өчигдөр боллоо.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд “Ил тод нийгмийн төлөө” уриатайгаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан оролцож байгаа аж. Сонгуулийн сурталчилгааны нээлтэд түүний дэмжигчид болон үзэг нэгт нөхөд нь ирж баяр хүргэж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Би мөрийн хөтөлбөртөө аймгийн ИТХ-аар хэлэлцэх асуудлыг урьдчилаад багийнхаа ИНХ-аар хэлэлцүүлээд тэндээс гарсан санал санаачилгийг аймгийн хуралд хүргэхээр тусгасан. Аймгийн ИТХ өндөрлөсний дараа багийнхаа иргэдээс авсан саналууд аймгийн ИТХ-д хэрхэн тусгалаа олсон бэ гэдгийг эргэж тайлагнана. Үндсэндээ ирэх 4 жилд иргэдтэйгээ гинжин урвалаар холбогдож ажиллах мөрийн хөтөлбөр боловсруулсан” хэмээн сэтгүүлч С.Анхбаяр онцоллоо.

Увс аймгийн хэмжээнд хоёрхон бие даагч аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд түүний нэр дэвшсэн тойрог нь аймгийн төвийн баг юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ