Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглэх зөвшөөрөл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-30 13:53:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг өнөөдөр олголоо.


Зөвшөөрөл олгосон гэрчилгээг Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх, АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өгөв.



Энэхүү оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарчээ. Шинжилгээний хариуг 90 минутад гаргахаас гадна сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой юм байна. Зардал нь бусад оношлуураас 2-3 дахин хямд буюу нэг оношлуур 31 200 төгрөгийн өртгөөр бүтэж байгаа аж. 



Одоогоор 4000 ширхэг оношлуур бэлэн болсон бөгөөд хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж нэмэх шаардлагатай байгаа аж. Хэрэв шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг нэвтрүүлбэл, өдөрт 20 мянган ширхэг оношлуур үйлдвэрлэх боломжтой юм байна. Энэхүү оношлуурыг бүтээх ажил ноднин 12 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд эхлэл санхүүжилтийг БСШУЯ гаргаж, дэмжжээ. Мөн Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд том түлхэц болсонд талархаж буйгаа АШУИС-ийн захирал Н.Хүрэлбаатар мэдээллийн үеэр илэрхийллээ.


Тус оношлуурыг дөрөвдүгээр сарын 1-нээс лабораторид ашиглаж эхлэх юм байна. 

Холбоотой мэдээ