Олимп болсноор "зика" дэлхий даяар тархах эрсдэл маш бага гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-06-15 10:49:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилд Олимпын наадам зохион байгуулснаар “зика” вирус дэлхий даяар тархах эрсдэл “маш бага” байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

ДЭМБ-ын шинжээчид хэлэхдээ “Олимпын тоглолтыг Рио-де-Жанейро-гоос өөр газарт зохион байгуулах, хойшлуулах эсвэл цуцлах ямар ч шаардлага байхгүй” гэв.

Шумуулаар дамждаг уг вирус тархсан газрууд руу явахыг хориглох эсвэл худалдааг хязгаарлах  гэсэн аливаа арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа ДЭМБ дахин мэдэгдлээ.

“Рио-2016” Зуны Олимпын наадам ирэх наймдугаар сард болно.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг Олимпын наадам үзэхгүй байх, шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ДЭМБ зөвлөж байна.

Судлаачдын зарим нь санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байгаа боловч ДЭМБ “наймдугаар сард Бразилд шумуул харьцангуй цөөрсөн байх болно” гэж мэдэгдэж байгаа юм.

Риогийн Олимпыг 380 мянга гаруй гадаадын иргэд үзнэ гэсэн тооцоог Бразилын албаны хүмүүс хийжээ.

Тус улсад нэг жилийн өмнө “зика” тархаж эхэлсэн бөгөөд одоо дэлхийн 60 гаруй улс болон нутаг дэвсгэрт уг вирус тархаад байна.

“Зика”-гийн улмаас хэт жижигхэн толгойтой 1400 гаруй хүүхэд төрөөд байгаа ажээ. Энэ вирус ургийн тархины хөгжлийг зогсоодог болохыг тогтоосон билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ