“Johnson & Johnson”-н 15 сая тун вакциныг хэрэглэх боломжгүй болжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-01 09:41:35

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. “Johnson & Johnson” компанийн Балтимор дахь үйлдвэрийн ажилтнууд вакцины найрлагыг холихдоо алдаа гаргасны улмаас коронавирусний нийт 15 сая тун вакциныг хэрэглэх боломжгүй болжээ.  


Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Хүнс, эмийн чанарын газар /FDA/ үйлдвэрт шалгалт явуулах аж. Эмнэлгүүдэд хүргэгдсэн бүх вакцин Нидерландад үйлдвэрлэгдсэн учир аюулгүй гэдгийг FDA цохон тэмдэглэжээ. Харин Балтимор хот дахь үйлдвэрээс явуулах гэж байсан вакцины нийлүүлэлт шалгалттай холбоотой сул зогсолтын улмаас саатаж магадгүй байна.


“Чанарын шалгалтын явцад нэг багц вакцин стандартыг хангаагүй болохыг тогтоосон. Энэ багц вакцин нь үйлдвэрлэлийн эцсийн үе шатыг дамжаагүй” хэмээн “Johnson & Johnson” компанийн мэдэгдэлд дурдав.


Америкийн эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөрийг түргэсгэхэд нь тус дөхөм болох “Johnson & Johnson” компанийн нэг тунт вакцинд ихээхэн итгэл найдвар тавьж байна.


Америкийн “Johnson & Johnson” компанид харьяалагддаг “Janssen” компанийн гарган авсан коронавирусний вакциныг нь онцгой нөхцөлд түргэвчилсэн журмаар бүртгэн авах тухай хүсэлтийг “FDA” 2 дугаар сарын 28-нд хүлээн авчээ. Эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатанд вакцин 85 хүртэлх хувийн үр дүн үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ