АШУҮИС-ийн оношилгооны төвд шүлснээс коронавирус илрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-01 13:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн “Эмнэл зүйн молекул оношилгооны төв” өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

 

Ингэснээр цар тахлын үед эрүүл мэндийн салбарт үүсэж буй ачааллыг хуваалцах, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

 

Тус төв нь Био-Аюулгүй байдлын II зэргийн түвшинд нийцсэн, агаар дуслын замаар дамжих халдварын эрсдэл болон PCR шинжилгээний хуурамч эерэг хариу гарах бохирдлын эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинжилгээний өрөө тус бүрт эерэг болон сөрөг даралтыг үүсгэсэн HEPA фильтер бүхий агааржуулалтын цогц системийг бүрэн шийдсэн байна.


Мөн шинжлүүлэгчийн цус, хамар залгиурын арчдас зэрэг сорьцоос хүний геномын ДНХ болон вирусний нуклейн хүчил (ДНХ/РНХ) ялгах бүрэн автомат ялгагч машин, бодит хугацааны Полимеразийн Гинжин Урвал /ПГУ/ шинжилгээний машин суурилуулсан, бактерийн болон вирусний шалтгаанд төрөл бүрийн халдварт өвчин, генийн мутацийн улмаас үүсэх зарим төрлийн халдварт бус эмгэгийг оношлох хүчин чадалтай юм.

 

АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид коронавирусийг шүлсэнд илрүүлэх оношлуурыг амжилттай зохион бүтээж ийнхүү хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү оношлуур нь коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай, хурдан хугацаанд хариу гаргах, шинжилгээ өгч буй хүнд зовуурьгүй, шинжилгээ авах үед гарах халдварын эрсдэлийг багасгах зэрэг олон давуу талтай, эх орондоо үйлдвэрлэж буй анхны оношлуур гэдгээрээ онцлогтой.


Холбоотой мэдээ