Анхны гахайчин, хөдөлмөрийн баатар эмэгтэй Ц.Буниа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-06 13:21:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ц.Буниа нь Сибирийн болон нутгийн цагаан гахайг өөх, махны чиглэлээр эрлийзжүүлэх ажилд чамгүй хүч хөдөлмөрөө зориулсан, Монгол Улсын анхны гахайчин, Хөдөлмөрийн баатар эмэгтэй юм.

Тэрбээр 1955 оноос эхлэн Зүүнхараагийн сангийн аж ахуйд гахайчнаар ажиллахдаа мэгж бүрийг жилд хоёр төллүүлэн нэг мэгжээс дунджаар 25 торой бойжуулж байжээ. Тэрээр тэжээсэн торой бүрийн амьдын жинг эхээс салгах үед нь 12.2-14.9 кг-д хүргэн, нэг мэгжээс авах торойн нийт жинг өөрийн орны нөхцөлд тонн, түүнээс ч илүү жинд хүргэх бололцоо байгааг практик дээр баталж чадсан байна.

Ц.Буниа нь гахай малласан 7-8 жилийнхээ уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нутгийн сайн чанарын 2000 гаруй гахайг өсгөн эх сүрэгт нийлүүлсэн байна. Мөн гахайн аж ахуйг хөгжүүлэх үйлст гарамгай гавьяатай нэгэн юм. Түүний энэхүү нөр их хөдөлмөрийн үр шимийг төр засаг өндрөөр үнэлж 1962 оны хавар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна. Мөн 1963 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч, гишүүн Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн САА-д ирж гахайчин Ц.Буниад БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг нь гардуулж байжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа САА-н гишүүн, анхны эмэгтэй гахайчин Ц.Буниагийн тухай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн номын санд ийн хадгалагдан буйг тус хамт олон олны хүртээл болгож, түүхийн алтан хуудсыг нээсэн байна. 

Холбоотой мэдээ