Тусгаарлан ажиглах байранд байсан иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-06 19:13:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тухай аймгийн Шуурхай штабаас шийдвэрлэжээ.

-“Завхан аймаг зөөвөрлөгдөн ирсэн коронавирусний халдварын тохиолдлуудаа бүрэн хумиад байна. Учир нь хоёр удаагийн PCR шинжилгээгээр Завхан аймаг халдварын голомтоо бүрэн хумьсан нь батлагдсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжүүлж, хэд хэдэн шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаад байна. Тухайлбал дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги мягмар, пүрэв гарагт, 6-12 дугаар анги даваа, лхагва, баасан гарагт танхимаар, бусад өдрүүдэд цахимаар хичээллэнэ. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдыг дархлаажуулахтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 7-ний өдөр эхлүүлэх байсан хичээл сургалтын үйл ажиллагааг ирэх нэг дэхь өдөр болгосон байна. 

Мөн цэцэрлэгийн таван настай бэлтгэл бүлэг танхимаар, бусад бүлэг цахимаар хичээллэнэ. Харин архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан хэвээр байна. Түүнчлэн Тосонцэнгэл, Улиастай сумаас бусад сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.  

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хяналтаас гаргаж, тусгаарлан ажиглах байрны найман иргэнийг долоо хоногийн гэрийн тусгаарлалтад шилжүүлэхээр боллоо. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, 08:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас үсчин, гоо сайхан, халуун усны үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж үйл ажиллагааг нь явуулахаар боллоо. Дээрх үйлчилгээний байгууллагууд нь цахимаар захиалга авч, нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр иргэдэд үйлчилнэ” гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ