Цэргийн дүрмийн бус зөрчлийн хариуцлагыг чангатгахыг чиглэл болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн асуудал удаа дараа гарч байгаа талаар хэлэлцлээ.
“Цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдэл удаа дараа гарч байгаа юм.
Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, ХХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, УЕП-ын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, зарим асуудлаар тодруулга хийв. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог эл асуудлаар хуралдуулах хүсэлт гаргасан гэдгээ тэрбээр онцлоод “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлд 2019 оноос хойш хүн амины хэргүүд гарчээ. Анх ийм асуудал үүсэхэд л нухацтай хандаж, асуудлыг шийдвэрлэхэд шат шатандаа анхаарч ажилласан бол дараа дараагийн гэмт хэрэг гарахгүй байлаа” гэв. Үйл явдын хариуцлагыг хэнээс нэхэх, салбарын удирдлагууд нь асуудлын учир шалтгаан хаана байгаа гэж дүгнэж байгаа талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан.
Хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүд төрийн бус байгууллага байгуулж, үр хүүхдийнхээ алба хаах явцад нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цэргийн анги, нэгтгэлүүдэд сэтгэлзүйч ажиллуулах, камержуулах зэрэг саналыг иргэд, олон нийт гаргаж буйг тэрбээр уламжиллаа. Мөн төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн албан хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд богино, дунд, урт хугацаандаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мэдээллийг тогтмол хүлээн авч, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн албан хаагчдын хүн ёсны эрх, эрх чөлөөнд халдах, дарамтлах, улмаар эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд нь халдах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдгийг онцоллоо. “Цэргийн дэг” хэмээн тодорхойлж буй үйлдэл нь хүнлэг бус, нэг ёсны эрүү шүүлт, жендэрт суурилсан хүчирхийлэл гэдгийг хаа хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэмдэглэж байв. “Жам ёсны, байх ёстой, зүй ёсны” гэх хэвшмэл ойлголтыг нийтээрээ халах, өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр зохион байгуулагддаг бөгөөд энэ дүрмээр алба хаагч хоорондын харилцаа, ёс зүйн хэм хэмжээг заасан байдгийг Д.Ганзориг генерал мэдээллээ. Гэхдээ дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, үүсээд байгаа зүй бус асуудлыг шийдвэрлэхээр цэргийн анги, нэгтгэлийн захирагч, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлж, чадах хэрээрээ хяналт тавьж ажиллаж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа хэмээн хүлээн зөвшөөрөв. "Бие бүрэлдэхүүний хангалт одоогоор 66 хувьтай байгаа, нийгмийн нийтлэг хандлага, төлөвшил бүхий бие бүрэлдэхүүн цэргийн анги, нэгтгэлд алба хаахаар ирдэг. Ёс суртахууны асуудалтай нийтээрээ тэмцэж, хамтран ажиллах байдлаар асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй" гэдэг хариултыг Д.Ганзориг генерал өгсөн.
Батлан хамгаалах салбар нь гомдол, мэдээллээ хүлээн авч, шийдвэрлэдэг дотоод механизмтай учраас өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний комисст цэргийн алба хаагчдаас ирүүлсэн гомдол, мэдээлэл байхгүй гэдэг хариултыг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд өгөв. 2013-2020 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүртгэлээр цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас үүдсэн 125 гэмт хэрэг бүртгэгдсэн гэв. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн дүрмийн бус харилцааны талаарх буюу 98 гэмт хэрэг нь хууль хяналтын байгууллагад шилжсэн гэдгийг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд дурдаад “Бид энэ төрлийн гэмт хэргийн талаарх цогц судалгааг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа” гэв. 2006 онд Хүний эрхийн Үндэсний комисс энэ төрлийн судалгааг хийж, 2007 онд УИХ-д танилцуулж байснаас хойш ийм төрөлжсөн цогц судалгаа хийгдээгүй юм байна. Цаашдаа цэргийн дотоод албаны дүрэм нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх, хүний хөгжлийн номлолд цэргийн үзэл, номлол нийцэж буй эсэхийг сууриар нь авч үзэх шаардлагатай гэдгийг тэрбээр хариулт, мэдээллийнхээ үеэр дурдсан.
УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж Б.Баярсайхан гишүүн үг хэлэв. Монгол Улсын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг нь болсон гэдгийг нийгэмд гарч буй асуудлууд илэрхийлж байна гэлээ. Армид хугацаат цэргийн алба хааснаасаа болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн талаарх судалгаа, тоон мэдээллийг лавлав. "Өнөөдөр нийгэмд ил тодоор яригдаж буй цэргийн албаны гэмт хэргийн ихэнхийг салааны дарга, жагсаалын дарга нар үйлдсэн байгаа нь цэргийн байгууллага шат шатандаа хяналт сул, дураараа авирлах, хүнлэг бус харилцааг өөгшүүлсэн орчин гэж харагдаж байна" гээд үүнд төсөв хөрөнгө гэхээс илүүтэй алба хаагчдын ёс суртахууны доголдол, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэх хандлага дутаж байна гэж үзэж байгаагаа хэлсэн.
2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт алба хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг хүлээн зөвшөөрч байв. Хугацаат цэргийн алба хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг Д.Ганзориг генерал тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр Б.Баярсайхан гишүүний хүсэлтийн дагуу батлан хамгаалах салбарын сэтгэл зүйн үйлчилгээ, боловсон хүчний нөөцийн талаар мөн мэдээлэл, тодруулга өгсөн.
Прокурорын байгууллагаас 2010-2020 онд зэвсэгт хүчний анги, байгууллагад үйлдэгдсэн болон цэргийн алба хаагч холбогдсон 506 гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байлаа. Эдгээрийн 92 хувийг шийдвэрлэсэн бол нотлогдоогүй гэх үндэслэлээр 105 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдагдаж буй 506 гэмт хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн, бусад нь зэвсэгт хүчний албан хаагчид нийгмийн харилцаанд оролцох явцдаа, ахуйн хүрээндээ үйлдсэн гэмт хэргүүд гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлаж байлаа. Салбарын хэмжээнд ёс суртахууны асуудлыг анхаарч, шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлага бий гэдэг дүгнэлтийг прокурорын байгууллагын төлөөлөл хэлсэн. 2021 он эхэлсээр цэргийн алба хаагчид холбогдсон долоон хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьсан бөгөөд хоёрыг нь шүүхэд шилжүүлсэн бол нэгийг нь хаасан, бусдыг нь шалгаж байгаа гэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын багийн гишүүн бүр нэг үзүүлэлтийг өөр өөрөөр хэлж байгаагаас салбарын тоо бүртгэл, судалгааны чанарыг харж болохыг анхаарууллаа. Түүнчлэн сүүлд гарсан ноцтой хэргийн холбогдогч этгээд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, харин удирдах байгууллага нь цалингийн 20 хувийг хасах зэрэг арга хэмжээ авч, нөхцөл байдлыг даамжруулсан гэж харагдаж байгааг шүүмжилж, сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагыг онцолж байв.
УИХ-ын гишүүн П.Анужин, салбарын боловсон хүчний боловсролын чансаа, томилгооны шаардлагын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ХЭҮК ажиллах, батлан хамгаалах салбар хариуцлагын системээ сайжруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Цэргийн албанд баримталдаг хууль тогтоомжид хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг тусгажээ.
Мөн цэргийн жинхэнэ алба хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын багийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна.
Дэд хорооны тогтоолын төслийн танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураахад хуралдаанд оролцсон 6 гишүүний 5 нь дэмжсэн юм.