Буриадад вакцинжуулалт саарчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-04-07 16:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал ирж буйтай холбоотой "COVID-19" халдвар тархах эрсдэл улам ихсэж буйг ОХУ-ын Буриад улсын тэргүүн Алексей Цыденов иргэн, аж ахуйн нэгжүүддээ анхааруулжээ. Мөн коронавирусний 3 дахь давалгаа болно гэдгийг ч сэрэмжлүүлсэн байна.


Халдварын шинэ давалгааг гагцхүү халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж байж даван туулна гэдгийг тэрбээр онцолжээ. Улмаар олон нийтийг хамарсан биеийн тамир спорт, соёл урлагийн үйл ажиллагааг хатуу хяналт дор явуулахыг тус улсын Спорт болон Соёлын яаманд даалгаад байна.


Буриад улсад эрчимтэй явагдаж байсан дархлаажуулалтын ажиллагаа вакцины хомсдолтой тулгарснаар саараад байна. Тухайлбал, Селенгийн районд хамгийн сүүлд 1930 тун вакцин нийлүүлжээ. Одоогоор тус районд 1675 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. 


Буриад улсад өнгөрсөн хоногт "COVID-19"-ийн тохиолдол 47-гоор нэмэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 36 740 болж байна. Үүний 54 хувь буюу 19 321 тохиолдол Улаан-Үд хотод бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагт халдвараар 2 хүн нас барж, нийт эндсэн хүний тоо 798 болоод байна. 


Тус улсад Эрүүл мэндийн яамны болон яаралтай тусламжийн 112 дуудлагын болон халдваргүйтгэлтэй холбоотой нийт 3 тусгай дугаар ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ