Зохиогчийн эрхийг 25-50 жилийн хугацаанд хамгаалах зохицуулалт тусгажээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-07 18:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХ хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч Д.Цолмон хуулийн төслийг танилцуулав. Мөн Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэлчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотой тус бүр мэдээлэл хийж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай зохицуулалтын талаар саналаа хэлсэн юм.


УИХ 1993 онд анх Зохиогчийн эрхийн тухай хуулийг баталсан бөгөөд зохиогчийн эрхийн олон улсын гэрээ, конвенц болон нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2006 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болгон шинэчилсэн байдаг. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдал эрс нэмэгдэж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн байна. Мөн цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага бий болоод байгаа юм.


Хуулийн төсөлд шинээр компьютер программын зохиогчийн эрхийн заалтыг оруулж программыг өөрөө санаачлан зохиосон, эсхүл албан үүргийн дагуу туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг эдлэх субьектыг хуулиар тодорхойлохоор тусгажээ. Мөн зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны хувьд гэрэл зураг болон уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл нийтлэгдсэний дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд тус тус хамгаалахаар зохицуулалтыг оруулсан байна.


Түүнчлэн одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус учраас эрх эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учирч байгааг зохицуулж, дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид тодорхой хуулийг төлдөг байх зохицуулалтыг нэмж тусгаад байна.


Хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй, сонсголгүй, харааны, сонсголын бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэн хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ. Бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах, хууль зөрчигчид тооцох хариуцлага хяналтыг олон улсын жишигт нийцүүлэх зохицуулалт оржээ.


Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг http://forum.parliament.mn/projects/10983 холбоосоор үзэх боломжтой аж. Мөн хуулийн төсөлтэй холбоотой саналаа энэ сарын 9-нийг хүртэл bayarmaab@parliament.mn хаягаар илгээх боломжтой юм.

Холбоотой мэдээ