Ц.Энхмөнх: Хан Академийн хичээлийг цахим сургалтад ашигласан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-08 13:10:14

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн түвшний боловсрол олгох Хан Академийн сургалтын системийг цахим сургалтад ашиглан 2020-2021 оны хичээлийн жилийн Үндэсний эрдэм шинжилгээний хуралд Увс аймгаа төлөөлөн амжилттай оролцсон Улаангом сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн математикийн багш Ц.Энхмөнхтэй ярилцлаа. Тэрбээр “Хан Академийн хичээлийг цахим сургалтад ашиглах нь” сэдэвт илтгэлээрээ ийнхүү улсад гуравдугаар байрт шалгарсан байна.

-Өөрийгөө танилцуулах уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цолмонхүүгийн Энхмөнх гэдэг.  Би Улаангом сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд математикийн багшаар  зургаа дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш.

Ер нь хүн насан туршдаа тасралтгүй суралцаж, хөгжих шаардлага энэ цаг үед тулгарч байгаа. Ийм ч учраас өөрийгөө үргэлж хөгжүүлж, бусдаас суралцахыг илүү эрхэмлэдэг. Энэ хичээлийн жилд цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа хосолсон сургалтаар явагдсан бөгөөд сурагчдынхаа хоцрогдлыг арилгах, түвшин ахиулах зэрэг шаардлага залуу багшийн хувьд маш ихээр тулгамдсан асуудал байсан.

Гарц гаргалгаа хайж эхэлсний үндсэн дээр судалгааны ажил бичиж эхэлсэн бөгөөд уг агуулгаар “Сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны 2020-2021 оны хичээлийн жилийн Үндэсний эрдэм шинжилгээний хурал”-д амжилттай оролцсондоо баяртай байна.

Тус уралдаан улсын хэмжээнд 54 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан. Миний хувьд “Хан Академийн хичээлийг цахим сургалтад ашиглах нь” сэдэвт илтгэлээрээ улсад  гуравдугаар байрт шалгарлаа.

Өнгөрсөн жил манай аймгаас Завхан сумын багш нар багаараа оролцож мөн гуравдугаар байрт шалгарч байсан. Түүнээс өмнөх жилүүдэд Увс аймгийн багш нарын амжилт нэг хэсэг тасраад байсан юм билээ. 

-Илтгэлийн агуулга нь юу байв? 

-Нээлттэй боловсролын нөөц эхүүдийг ашиглан сурагчдын түвшин ахиулах боломжийг эрэлхийлсэн. Хан академийн сургалтын систем нь видео хичээл болон интерактив дасгалын сантай бөгөөд сурагчдыг тоглонгоо суралцах бүхий л боломжийг бүрдүүлдэг.

Энэхүү сургалтын системийг ашиглан 5-30 хүртэлх сурагчтайгаар таван анги үүсгэн 7-30 хоногийн хугацаатай  туршилт хичээлүүдийг зааж туршсан. Одоогоор туршилтын бүлгийн сурагчдын 63 хувь нь үргэлжлүүлэн, бие даан суралцаж байна.

-Хан академийн хичээлийг сургалтад ашигласны давуу тал нь юу вэ?

-Хан Академийн видео хичээлүүд нь сурагчдад тухайн судлагдахууны шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг таниулж хийсвэр мэдлэгтэй болгох биш түүний учир шалтгааныг ухаарч ойлгон бүтээлчээр суралцах арга барил эзэмших, ойлгосноо хэрэглэх бодит ур чадвартай болоход ач холбогдолтой.

Сургалтын арга зүй, агуулга нь Z болон альфа үеийнхний чадварт мөн нийцэж байгаа нь давуу тал. Угтаа дэлхийн түвшний мэдлэг олгох дидактик аргазүйгээр бэлтгэгдсэн монгол хэл дээрх хичээлүүд юм.

Одоогоор мянга гаруй видео хичээлүүд орчуулагдсан байгаа. Математикийн хичээлийн хувьд үнэ төлбөргүй, сургалтын систем болтлоо хөгжсөн. Би МУИС-д суралцаж байхдаа эдгээр хичээлийг орчуулах багт орж ажиллаж байсан юм.

-Сурагчид бие даан суралцах боломжтой нь их давуу талтай юм байна?

-Хан академийн сургалтын системийг ашиглан сурагчид заавал багш гэхгүйгээр бие даан тухайн агуулгын хүрээнд мэдлэг, чадвараа ахиулах бүрэн боломжтой. Эцэг эх нь суралцаж буй хугацаа, чадварыг нь хянаж, үнэлгээ өгөхөөс гадна сурагчид ямар үйл ажиллагаа тухайн талбарт хийж байгаа талаарх тайланг багшид ирүүлдэгээрээ онцлогтой. 

-Улсын уралдаанд амжилт гаргахад олон хүний урам, дэмжлэг нөлөөлсөн байх?

-Юуны өмнө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл арыг минь дааж байсан хайртай ээждээ болон ханьдаа баярлалаа. Мөн үргэлж хамт байж, сандрахад урам өгч, алдаа оноог минь шүүн тунгаасан аймгийн БСУГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, сургуулийнхаа хамт олондоо гүнээ талархаж байна.

Судалгаанд оролцсон бяцхан шавь нартаа хайртай шүү. Та бүгдийнхээ дэмжлэгээр энэ амжилтыг гаргасан юм. 

-Ярилцсанд баярлалаа.

                                            /“КОВИД-ЫН ДАРААХ ШИНЭ ЭХЛЭЛ” СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД/
Холбоотой мэдээ