Хатуу хөл хорионы дэглэмд 15 хоног шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 15:19:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 10-ны 06.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэл шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 


Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын "Улаан" түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.


Вакцины эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах нь нэмэгдэж байна. Эхний тун хийсний дараа 18-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод, вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллаа барихгүй байгаа статистик мэдээ гарсныг онцлов. Тиймээс вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллаа сахихыг сануулаад, хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авахгүй байх бололцоог гаргах шаардлагатай тул хөл хорио тогтоох нь зөв гэж үзжээ. 


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол  04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа. Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.



Холбоотой мэдээ