Нүүрстөрөгчийн давхар ислийг 4,9 сая тонноор багасгах боломжийг судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-09 10:35:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хороололд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийг амжилттай дуусгалаа.


Төсөлд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 112 өрхийг хамруулжээ. Судалгаагаар айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг үндэслэн нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоход жилд 4037 тн нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ гаргаж байна.


Хэрэв эдгээр айл өрх хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэр ашиглавал CO2 нь 2822 тонноор багасах үр дүн гарах аж. Энэ тооцооллыг төвийн зургаан дүүргийн гэр хороолол, захын бүсийн 194 749 айл өрхөд хэрэгжүүлэхээр тооцвол CO2 нь 4,9 сая тонноор багасах судалгаа хийжээ.


“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Их Британи Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр нийслэлийн хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг багасгах үүднээс төслийг энэ оны 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15-нд хэрэгжүүлсэн юм.


Төслийн хүрээнд нийслэлийн төвийн болон хэсэгчилсэн дулаан хангамжид холбох боломжгүй гэр хороолол, захын бүсийн айл өрхүүдэд тав тухтай, хэрэглэхэд хялбар, ашиглалтын зардал бага, агаарын бохирдолгүй, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах нөлөөтэй дулааны эх үүсвэр бий болгохыг зорьжээ. 

Холбоотой мэдээ