Египетээс элсэнд хаягдсан гурван мянга гаруй жилийн настай хот олджээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-04-09 13:29:32

КАИР. /TASS/. Археологичид Египетийн өмнөд нутгаас элсэнд хаягдаж, мөхсөн 3.4 мянга гаруй жилийн настай хот олжээ. “Al Balad” сонинд мэдээлж буйгаар, уг хотыг эртний Египетийн фараон III Аменхотеп байгуулсан гэж үзэж байгаа аж.


Хотыг үүсгэн байгуулсан III Аменхотеп нь МЭӨ XIV зуунд (ойролцоогоор МЭӨ 1388-1351 он) амьдарч байжээ. Түүнийг нас барсны дараа хот Тутанхамоны хаанчлалын үе (МЭӨ 1332-1323 он) хүртэл цэцэглэн хөгжсөн байна. "“Атоны мандалт” гэж нэрлэдэг байсан энэхүү хот нь Луксор дахь Нил мөрний баруун эрэг дээрх Египетийн засаг захиргаа, аж үйлдвэрийн хамгийн том суурин байсан. Эртний тэр үед уг хот гудамжуудтай, харин байшингууд нь гурван метрийн өндөртэй байжээ" гэж экспедицийн ахлагч Заха Хавасс ярьжээ.


Археологичид малтлагаа 2020 оны есдүгээр сард эхлүүлжээ. Эрдэмтдийн гол зорилго нь Тутанхамоны оршуулгын сүмийг олох байсан байна. "Хэдэн долоо хоногийн дараа шавар тоосгон барилгууд элсэн доороос гарч эхэлсэн, бидний нүдний өмнө ямар том хот гарч ирж байгааг мэдээд бид мэл гайхаж цэл хөхөрсөн. Хот маш сайн хадгалагдаж үлдсэн бөгөөд байшингуудын хана бараг хэвээрээ, олон байшинд оршин суугчид нь зүгээр л яваад өгчихсөн юм шиг гэрийн хогшил нь бүрэн бүтэн байсан” гэж Хавасс ярьсан байна.


Холбоотой мэдээ