Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-04-09 16:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд нийслэлийн зуслан болон гэр хорооллын иргэд хашаан дахь өнжмөл шар өвсийг шатааснаас нийт 19.1 га талбай түймэрт өртжээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт "Оргил" хотхоны далангийн задгайд шар өвс шатааснаас 3 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөрсний өнжмөл өвс шатсанаас 5 га газар тус тус түймэрт өртжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины зусланд байшин шатсан нь өнжмөл өвс шатаасантай холбоотой байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгааны өндөр хүчдэлийн үелзэлтэй холбоотойгоор өнжмөл өвсөнд гал авалцан хүрээлэнгийн баруун хойд хэсэгт гал гарчээ. Энэ мэтээр өнжмөл шар өвсийг шатааснаас иргэд, ААН эд хөрөнгөөр хохирох, нийслэлийн ногоон бүс галд өртөх эрсдэл гарсаар буйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна. 


Өнжмөл шар өвсийг шатааснаас 19.1 га талбай түймэрт өртжээ.



Ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж нийслэлийн ногоон бүсийн 80 чиглэлд энэ сарын 1-нээс эхлэн эргүүл ажиллаж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн ногоон бүсэд НОБГ, нийслэлийн Байгаль орчны газар, ТЦА-ны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргаа гэсэн 5 байгууллагын 75 морьт эргүүл, 276 албан хаагч 97 техник хэрэгсэлтэйгээр 80 чиглэлд эргүүл хяналтын ажлыг эхлүүлээд байна. 


Хөдөлгөөнт эргүүлийнхэн шар өвс шатаах, ил гал гаргаж байгаа иргэдийн зөрчлийг хянах юм. Зөрчил гаргаж байгаа иргэдийг 100 нэгжээс дээш, ААН-ийг 1000 нэгжээс дээш хэмжээгээр торгож, Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм.  

Холбоотой мэдээ