Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-10 00:36:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт бүхий “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. 

Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Норжмаа, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг, төслийн захирал Т.Энхтуяа, төслийн Олон Улсын урт хугацааны зөвлөх Иван Такач нар оролцлоо.

 

Энэ үеэр төслийн захирал Т.Энхтуяа, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Хөвсгөл аймаг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.  Энэ онд ажил хайгч залуучуудыг байнгын ажлын байраар хангахад түлхүү анхаарч ажиллана" хэмээн онцлоод  “Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөр”-ийг төслөөс бүрэн санхүүжүүлнэ гэв.

 

2021 онд Хөвсгөл аймагт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 15-34 хүртэлх насны залуучуудад дараах үйлчилгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  Загвар төв”-өөр  дамжуулан хэрэгжүүлнэ.

 Үүнд:

1. Ажил хайгч залуучуудад дадал, туршлага эзэмшүүлэх хөтөлбөр (дадлагын хугацаанд өдрийн 10,000-15,000 төгрөгийн урамшуулал олгоно);

2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр (10 сая төгрөгийн гарааны санхүүжилт олгоно);

3. Залуучуудын хамтын ажиллагааг дэмжих үйлчилгээ;

4. Ажил хайгч залуучуудад хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх;

5. Ажил хайгч залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө боловсруулах гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой мэдээ