Монголын сансрын хөгжлийг харуулсан баримтат кино бүтээжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-04-12 15:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн сансрын уудамд ниссэний 60 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, 1961 оны 4 дүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч Ю.А.Гагарин Восток хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2011 оны 4 дүгээр сарын 7-нд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр болгон баталсан юм. Дэлхийн зарим орон энэ өдрийг өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ онд мөн тохиож буй, Монгол хүн сансарт ниссэн, ЗХУ, БНМАУ-ын хамтарсан сансрын нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын сансрын технологийн салбарын хөгжлийн түүхийг цогцоор нь харуулсан анхны баримтат киног бүтээсэн таатай мэдээг энэ өдөр дуулгаж байна. “Гарц байна” гэсэн нэртэй тус киног Монголын Сансрын технологийн холбоо (MOSTA)-ноос санаачилж, Vast film and post production бүтээжээ. 






Киног ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, академич С.Дэмбэрэл, МоСТХ, Тогтвортой хөгжлийн түншлэл “Амгалан дэлхий” ТББ дэмжин, киноны төслийг “Vast film and post production” хэрэгжүүлжээ.

Кинонд нар сар, од эрхсийн ааш аягийг ажиглаж, байгаль эхтэй зохицон аж төрж, амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын сансар огторгуйд тэмүүлж, түүнийг эзэмших гэсэн эртний хүсэл хэрхэн биеэлж буйг харуулжээ. Тухайлбал, Алтан ургийн Хубилай хаан, Үлэги бэхи нар одон орон судлах төв байгуулж, сансар огторгуйг танадан судалж байсан эртний хийгээд дундад зууны түүхийг сөхжээ.


Харин орчин цагт Монгол Улс 1967 онд социалист нөхөрлөлийн орнуудын сансрын хамтарсан судалгааны “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд ШУА-ийнхаа дэргэд Сансрын Үндэсний зөвлөл байгуулж, сансрын судалгааны ажилд идэвхийлэн оролцож эхэлснийг харуулжээ. 1970 оноос сансрын хиймэл дагуулаас дохио хүлээн авах станц байгуулж, сансрын технологи ашиглан гадаадын телевизийн сувгийг анх удаа үздэг болсон, эдүгээ түүх болсон үйл явдлыг кинонд тусгажээ. Мөн хиймэл дагуулаас цаг уурын мэдээ хүлээн авах газрын станц байгуулж, 1977 онд ШУА-ын дэргэд Сансар судлалын тасаг байгуулж, нислэгийн үеэр хийх туршилт судалгааны хөтөлбөр боловсруулж эхэлсэн байна.


1981 оны 3 дугаар сарын 22-нд Монгол хүн сансарт ниссэнээр манай улс сансарт хүнээ нисгэсэн Азийн 2 дахь, дэлхийн 10 дахь орон, өөрсдийн бүтээсэн багажийг сансарт туршсан 20 дахь, задгай сансарт төхөөрөмж багаж хэрэгслээ ажиллуулсан 5 дахь орон болж, түүхэнд тэмдэглэгдсэнийг кинонд өгүүлжээ. Сансрын нислэгийн үеэр эмнэлэг биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий 36 туршилт, судалгаа хийж, түүний үр дүнд цоо шинэ, сонирхолтой үр дүнгүүдийг гаргасан байдаг. Тэдгээр  мэдээллийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Майдаржавын Ганзориг үргэлжлүүлэн судалж зайнаас тандан судлах шинжлэх ухааны үндэс суурийг тавьжээ. Энэ цагаас Монгол улсын ХАА, газар тариалан, харилцаа холбоо, уул уурхай, барилга, бүтээн байгуулалт зэрэг олон салбарт сансрын технологийг өргөн хэрэглэж эхэлсэн түүхийг шинэ баримтат кинонд харуулжээ.


МҮОНР-гийн редактор Г.Батзаяа кино зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар “Васт” фильм пост продакшны ерөнхий найруулагч Д.Батбаяр, ерөнхий продюсероор “Васт” фильм пост продакшны гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин, редактороор сэтгүүлч Д.Даваадулам, зөвлөхөөр МоСТХ-ны Удирдах зөвлөлийн баг ажилласан уг кино МҮОНТ, Боловсрол ТВ, Си1 зэрэг телевизээр удахгүй гарч үзэгчдийн хүртээл болох гэж байна.  



Холбоотой мэдээ