Дундговьд найман тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-11 14:56:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 8-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд коронавирусний халдвартай байж болзошгүй сэжигтэй нэг тохиолдол илэрч, түүний ойрын хавтлуудыг шинжилгээнд хамруулснаар дөрөвдүгээр сарын 11-нд найман хүн халдвар авсан болох нь тогтоогдлоо.

Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 32 хүний PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээж, хариу нь гараагүй байгааг АОК-оос мэдээлж байсан бол өнөөдөр 11-нд дээрх батлагдсан тохиолдлын талаар албан ёсны мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн 14:00 цагаас 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус аймгийн хэмжээнд тэг зогсолт хийх шийдвэр гаргасныг танилцууллаа.

Аймгийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж, өмнөх өдрийн хуралдааны шийдвэрийг өөрчлөн бүх сум, аймгийн төвийн орох гарах хөдөлгөөнийг зогсоох, хяналтын цэгүүдийг нэмэгдүүлэх, эм, хүнсний дэлгүүрээс бусад бүх байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 09:00-18:00 цагаар тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд архи, согтууруулах ундаа зарж борлуулах, түүгээр үйлчлэхийг хатуу хориглосон байна.  

Аймаг дотор хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг зөвхөн аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу явуулах ба зөвхөн тусгай чиг үүргийн байгууллагуудын машинаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо.

Эхний батлагдсан хүний хувьд гуравдугаар сарын 15-нд Улаанбаатараас Өндөршил суманд ирж, дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл тус суманд отроор явсан айлд хэд хоноод нэгнээс гурван хүртэл аймгийн төвд байж, 3-аас хойш Эрдэнэдалай суманд очиж, тэнд байж байхдаа шинж тэмдэг илэрсэн байна.  

Одоогийн байдлаар аймгийн Онцгой комиссоос батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 91, дам хавьтлын 171 хүн байгааг тогтоож, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээг авч, 143 хүний PCR шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр ХӨСҮТ рүү илгээсэн байна. 

Холбоотой мэдээ