Хөхморьт суманд элсний нүүдлийг бууруулах хамгаалах зурвас хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-12 15:35:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөхморьт сумын нутаг дэвсгэрт элсний нүүдлийг бууруулах зорилгоор хамгаалах зурвас хийж байна.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэр нь 2019 оны судалгааны үнэлгээгээр 61,7 хувиар цөлжилтийн байдалтай үнэлэгджээ. Улмаар хүчтэй шороон шуурга, салхины нөлөөгөөр нүцгэн элсэн манхан, хуримтлалууд үүсч, бэлчээрийн ургамал элсэнд дарагдан цөлжилт ихэссэн нь малчдад болон төв суурингийн оршин суугчдад сөргөөр нөлөөлөх болжээ. Иймээс 2020 онд цөлжилтийг  бууруулах  зорилт арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-аас Хөхморьт сумын төвийн элсний нүүлтийг сааруулах зорилгоор 20,0 га талбайд механик хамгаалалт хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд 210 м өргөн зурвасаар 1000 м урт газарт 4 үе эгнээ бүхий хамгаалалтын зурвасыг элсэн хуримтлал үүссэн талбайд энгийн байгалийн гаралт материалууд ашиглан гүйцэтгэх ажлыг хийж байгаа ажээ. Элсний механик хаалт хийснээр элсний нүүлтийг сааруулах, ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Дээрх ажилд Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран хяналт тавьж, талбайн хэмжилт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хөхморьт сумын "Дээдсийн хишиг түшээн" ХХК Их Монгол элсний урд захад хамгаалалтын зурвасыг туршин нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ойн зурвас байгуулах, бутлаг ургамал болох суль, цульхир тарих зэрэг ажлыг тавдугаар сараас эхлэн шат дараатайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нутгийн иргэдэд ч эдийн засгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдэнэ гэж тооцож байгаа аж.

Холбоотой мэдээ