Хүндэвтэр хүмүүст ядрах, сэтгэл гутрах зовуурь илэрч байгааг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-13 12:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ?

-3-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байна. 15 хоногийн хөл хорионы үеэр өвчлөлийн тоо буурч, хөл хорионы дараа ахин нэмэгдэх төлөвтэй байна. Долоодугаар сарын дундуур өвчлөлийн тоо буурах тооцоолол бий.

-Коронавирусээр бага насны хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ?

-17 хүртэлх насны 3317 хүүхэд өвчилсөн. Энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байгаа. Нэг хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг.

-Гэртээ нас барсан тохиолдолд хэрхэн оршуулж байгаа вэ?

-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тохиолдлуудад “Буян” компанийн цогцос хадгалах байранд цогцсыг хадгалж байна. Оршуулахдаа 30 хүртэлх хүнийг оролцуулан зохион байгуулж байгаа. Эмнэлэгт нас барсан тохиолдолд эмнэлгийнхээ моргт тухайн цогцсыг зориулалтын уутанд хадгална гэсэн журам бий.

-Хөл хорио тогтоосноос хэд хоногийн дараа халдварын тоо буурах вэ?

-Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөлийн явц буурах уу, цаашаа үргэлжлэх үү гэдэг нь шалтгаалдаг. 15 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гэхэд өвчлөл бага зэрэг буураад, хөл хорионы дараа дахин ихэснэ. Долоодугаар сарын дундуур ялимгүй буурах хандлагатай байна. Хэрвээ хөл хориог 28 хоногийн дараа гэж үзвэл өвчлөлийн тоо огцом буурч, долоодугаар сар гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош гарна гэсэн судалгаа бий. Харин энэ хөл хорио ЭМЯ-ныхаа ачааллыг түр зуур ч болов хөнгөвчлөх ач холбогдолтой.

-Одоогоор хэчнээн эмч халдвар аваад байна вэ?

-Хамгийн сүүлийн тоймоор эрүүл мэндийн 397 ажилтан халдвар авсан байна. Үүнээс 278 нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, бусад нь гэр бүлийн гишүүдээсээ халдвар авчээ.

-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Дархлааг дэмжиж, витамин C, D хэрэглэж байгаа. Хүндээр өвдөж байгаа тохиолдолд вирусний эсрэг эмчилгээ хийж байна.

-Халдвар аваад эдгэрсэн ч сөрөг нөлөө гарах уу?

-Хөнгөн болон шинж тэмдэггүй өвдсөн хүмүүст сөрөг нөлөө нь бага. Маш хүнд, хүндэвтэр хүмүүст уушгины өөрчлөлт, удаан хугацаагаар ядрах, сэтгэл гутрах шинж тэмдгүүд илэрч байна гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд өвчний түүхээ цуглуулаад, энэ төрлийн судалгааг хийж байна. 

 

Холбоотой мэдээ