Иран ЕХ-той хамтын ажиллагаагаа зогсоохоор шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-13 12:51:10

ТЕХРАН. /IRNA/. Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлөөс хориг арга хэмжээгээ сунгах шийдвэр гаргасны хариуд Ираны эрх баригчид тус холбоотой хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан байна.  


“ЕХ-ны шийдвэрийн хариуд хүний эрхийн салбар зэрэг олон салбарт хийж буй иж бүрэн хэлэлцээгээ зогсоож байна. Түүнчлэн эдгээр хэлэлцээний үр дүнд бий болсон бүх хамтын ажиллагааг, тэр дундаа терроризм, мансууруулах бодистой тэмцэх, дүрвэгсдийн асуудлаар хамтран ажиллахаа зогсоож байна” гэж Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Саид Хатибазе мэдэгджээ.


ЕХ-ны Зөвлөл хүний ​​эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан Иранд авсан хязгаарлалтын арга хэмжээгээ нэг жилийн хугацаагаар буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.


Үүнээс гадна, 2019 онд Иранд болсон жагсаалыг хүчээр дарахад оролцсон найман хүн, гурван компанийг хоригийн жагсаалтад оруулжээ. Барууны хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, жагсаалтад мөн Ираны армийн элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын дарга, бригадын генерал Хоссейн Саламиг оруулсан байна. Одоогоор энэ жагсаалтад нийтдээ 89 иргэн, дөрвөн компани багтжээ.


Холбоотой мэдээ