Дархлаажуулалтын нэг цэгт өдөрт 500 ахмадыг вакцинжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-13 13:21:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүрэгт өчигдрөөс эхлэн 60-аас дээш насны иргэдийг суурин цэгээр дамжуулан вакцинжуулж эхэлсэн. Ингэхдээ дүүрэг тус бүрт 3 автобус гарган дархлаажуулалтад биеэр очиж чадахгүй байгаа ахмад настнуудыг 10-аас илүүгүй тоогоор дархлаажуулалтын цэгт зөөж, мөн гэрт нь буцаан хүргэж өгч байна. 

Дүүрэг бүрийн вакцинжуулалтын нэг цэгт өдөрт дунджаар 500 хүн хамрагдах боломжтой, 60-аас дээш насны иргэд сайн дураар вакцин хийлгэж болно гэдгийг ЭМЯ-наас мэдээлж байна. Мөн нийслэлд байгаа аймаг, орон нутгийн 60-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр вакцины эхний тунг хийлгэх боломжтойг Эрүүл мэндийн Үндэсний төвийн геронтологийн төвөөс мэдээллээ. Дархлаажуулалтын нэг суурин цэгт 10-15 хүн ажиллаж байна. Ахмад настнууд ихэвчлэн асран хамгаалагчтай ирж буй учир дараалал үүсгэхгүй, хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг бариулж байна. 


Ирэх 7 хоногоос хэвтэрт болон асаргаанд байгаа өндөр настнуудыг явуулын багаар вакцинжуулна.



Нийслэлийн 9 дүүрэгт 60-аас дээш насны 180-аад мянган хүн байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хөл хорио тогтоогоод байгаа 15 хоногт дээрх тооны бүх ахмадыг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байгаа аж. Ингэхдээ юун түрүүнд 4 дүгээр бүлгийн архаг хууч өвчтэй, ахмадуудыг дархлаажуулж, ирэх 7 хоногоос хэвтэрт болон асаргаанд байгаа өндөр настнуудыг явуулын багаар вакцинжуулах аж. Ахмадуудыг вакцинжуулж буй цэгүүд:

  • Баянзүрх дүүрэгт 133 дүгээр сургууль,
  • Чингэлтэйд Аврагч спорт хороо
  • Баянгол дүүрэгт 20 дугаар сургууль,
  • Сүхбаатар дүүрэгт 11 дүгээр сургууль,
  • Хан-Уулд Монгол-Солонгосын коллеж, 
  • Сонгинохайрханд 9 дүгээр сургууль
  • Багануур, Багахангай, Налайх дүүрэгт Эрүүл мэндийн төвүүд.


Холбоотой мэдээ