Ж.Байден Конгресст анх удаа үг хэлнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-14 12:27:47

ВАШИНГТОН. /СNN/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ерөнхийлөгч Жо Байденыг 4 дүгээр сарын 28-нд хууль тогтоох байгууллагын хоёр танхимд хандан үг хэлэхийг урьжээ.

Энэ тухайгаа Н.Пелоси АНУ-ын Төрийн тэргүүнд илгээсэн захидалдаа дурдсан байна. Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Ж.Байден Төлөөлөгчдийн танхимын даргын урилгыг хүлээн авжээ.

“Үүрэгт ажилдаа орсноос нь хойших 100 дахь өдрийн өмнөх өдөр буюу 4 дүгээр сарын 28-нд Конгрессын хамтарсан хуралдааны үеэр үг хэлэх урилгыг Ж.Байден хүлээн авлаа” хэмээн Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Тийнхүү Ж.Байден ерөнхийлөгчийн албыг хаших болсноос хойш анх удаа Конгресст үг хэлэх юм. “The Hill” сонины мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүнүүд албан тушаалдаа орсноосоо хойш ихэвчлэн хэдхэн долоо хоногийн дараа хууль тогтоогчдод үг хэлдэг байна. Харин Ж.Байдены хувьд цар тахалтай холбоотойгоор ийнхүү саатжээ.

АНУ-ын засаг захиргааны тэргүүнүүд жил тутмын илтгэлээ Капитолын ордонд тавьдаг хэдий ч Ж.Байдены хувьд дөнгөж 1 дүгээр сарын 20-нд албан тушаалдаа орсон тул уламжлал ёсоор “Улс орны нөхцөл байдлын талаарх" илтгэлийг тавихгүй юм.

Холбоотой мэдээ